
Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр (2026.10.12) 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.
Уг түймэр "Мобиком" корпорацийн ажилчдын автомашинд гарсан галын улмаас хээрийн түймэр дэгдэж, түймрийн голомт Задгайт, Хоньт, Азарга уул орчмоор тэлж газар авсан тул Хилийн цэргийн ангийнхан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Багануур дүүргийн хэлтсээс онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн, нийт 140 гаруй хүн, 18 техник хэрэгсэлтэй ажиллажээ.
Энэ талаар "Мобиком" корпораци мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд:
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт болон хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажиллаж ирсэн.
Энэ хүрээнд шилэн кабелийн дэд бүтцийг өргөтгөх, үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж, алслагдсан бүс нутагт ажиллах, амьдрах буй иргэд болон албан хаагчид, тэдний ар гэрийн харилцаа холбооны хүртээмж, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.
Тухайлбал, 2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан.
Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцож, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон.
Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно.
Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамт зорчсоныг албан ёсоор мэдэгдэж байна.
Мобиком Корпораци ХХК" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.