
Японы Токио хотын Асакүса дүүрэгт байрлах Сэнсожи буддын сүмд Америкийн жуулчны түрийвчийг хулгайлсан хэрэгт Монгол Улсын 36 настай эмэгтэйг сэжиглэн баривчилжээ.
Сэнсожи сүм нь Токио хотын хамгийн алдартай буддын шашны сүмүүдийн нэг бөгөөд гадаадын жуулчдын зорин очдог гол газруудын тоонд багтдаг юм.
Токио хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, уг хэрэг лхагва гарагийн 13:30 цагийн орчимд болжээ. Сүмийн орчимд эргүүл хийж байсан цагдаагийн алба хаагч 36 настай Монгол эмэгтэйг 81 настай Америкийн жуулчны ард ойртож очихыг харсан байна. Тухайн үед америк эмэгтэй сүмийн үүдэнд байрлах гар угаах усан сангаас гараа угааж байжээ.
Японы сүм, дуганд орохын өмнө байрладаг уг усан сангаар үйлчлүүлэгчид гараа бэлгэдлийн утгаар ариусгадаг уламжлалтай аж.
Цагдаагийн мэдээлснээр, Монгол эмэгтэй гараа халхлахын тулд гадуур хүрэм барьж явсан бөгөөд Америкийн жуулчны анхаарал өөр зүйлд төвлөрсөн байх үед мөрөндөө үүрсэн цүнх рүү нь гараа оруулж, түрийвчийг нь авсан гэж үзэж байна. Түрийвчинд ойролцоогоор 10 мянган иен бэлнээр байжээ.
Үүнээс гурав хоногийн өмнө мөн гадаадын жуулчны халааснаас эд зүйл хулгайлсан хэрэг бүртгэгдсэн тул цагдаагийн алба хаагчдад ижил төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй ажиллах чиглэл өгсөн байжээ.
Монгол эмэгтэй Японд ирээд долоо хоног болж байсан. Мөн богино хугацааны аяллын визээр тус улсад нэвтэрсэн аж. Түүнийг хулгайн хэрэгт сэжиглэн баривчилсан ч тэрээр буруутай үйлдэл хийгээгүй хэмээн мэдүүлж байгаа юм.
Түүний тайлбарласнаар, өндөр настай эмэгтэйн түрийвч өөрийнх нь барьж явсан хүрэмд орооцолдсон тул газарт унахаас нь сэргийлэх гэж оролдсон гэнэ. Харин цүнхний дотор байсан түрийвч гадна талд нь барьж явсан хүрэмд хэрхэн орооцолдсон, мөн энэ үед яагаад хоёр гараа хүрмээр халхалж байсан нь тодорхойгүй байна.
Хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран уг явдал жуулчдад хоёр зүйлийг сануулж буйг эх сурвалж онцолжээ. Нэгдүгээрт, Япон улс гэмт хэргийн түвшин харьцангуй бага оронд тооцогддог ч хулгай зэрэг гэмт хэрэг гардаг тул аялж явахдаа эд зүйлсээ үргэлж анхааралтай хамгаалах шаардлагатай. Ялангуяа Сэнсожи шиг үзэсгэлэнт газруудаар аялахдаа орчин тойрноо сонирхон анхаарал сарних үед эд зүйлээ алдах эрсдэлтэй.
Хоёрдугаарт, бусдын түрийвч унах гэж байгааг анзаарсан бол тухайн хүний мөрөнд зөөлөн хүрч анхааруулах, эсвэл түрийвч рүү нь зааж мэдэгдэх нь зөв. Харин ямар нэгэн тайлбаргүйгээр бусдын цүнх рүү гараа хийж, түрийвчийг нь авах нь хулгайн хэрэгт сэжиглэгдэх нөхцөл үүсгэж болзошгүй юм.
Эх сурвалж: FNN Prime Online, Jiji, Sankei Shimbun
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.