УБТЗ-ын түлшний бүх тендерт ШУНХЛАЙ групп дангаар шалгардаг байжээ
 

УБТЗ-ын түлшний бүх тендерт ШУНХЛАЙ групп дангаар шалгардаг байжээ

Монголын шатахууны зах зээлд олон жил үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай” группийн түлшний бизнес төрийн болон төрийн өмчит компаниудын худалдан авалтын томоохон гэрээнүүдтэй давхцаж ирэв. 2022-2026 онд “Шунхлай” гурппийн нэр дээрх хуулийн этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн өндөр дүнтэй шатахуун, дизель түлшний худалдан авалт бүртгэгджээ.

“Шунхлай групп”-ийн харьяалал “Шунхлай ХХК”, “Шунхлай Говь ХХК”, “Шунхлай Трейдинг ХХК”, “Шунхлай Петролиум ХХК” зэрэг компани багтдаг.

Нэгт. УБТЗ-ын дизель түлш | 2022-2025 онд нийтдээ 1 их наяд төгрөгийн тендер авсан

2022 он, УБТЗ ХНН 364.518 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Илчит тэрэгний өвөл, зуны дизелийн түлш худалдан авах” тендер зарлагдаж, “Шунхлай” ХХК 337.669 тэрбум төгрөгийн санал ирүүлж, анх удаа уг тендерт шалгарчээ.

Үүнээс хойш 2023, 2024, 2025 онуудад жил дараалан шалгарсан байдаг. 2023 оны тендерийн төсөвт өртөг 357 тэрбум төгрөг, үүнд “Содмонгол групп”, “Шунхлай”, “Ти энд Ти петролеум” ХХК оролцсон бөгөөд мөн л Шунхлай 291.399 тэрбум төгрөгийн санал өгч, шалгарсан.

Тэгвэл 2024 онд “Шунхлай” групп мөн л УБТЗ-ын ижил төрлийн тендерт оролцож, нийт 361.2843 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Уг тендерт тус компани 294.569 тэрбум төгрөгийн санал ирүүлж, гэрээ байгуулах эрх авсан байх юм.

Ийнхүү зөвхөн УБТЗ-ын 2022, 2023, 2024 оны эдгээр гурван тендерт Шунхлай группын шалгарсан саналын дүн 923.638 тэрбум төгрөгт хүрч байна.

Ноднин буюу 2025 он, ижил тендерийн төсөвт өртөг нь 321.105 тэрбум төгрөг. Оролцогчдоос НИК ХХК, “Шунхлай” ХХК, “Содмонгол групп” ХХК, “Ти энд Ти петролеум” ХХК санал ирүүлж, “Шунхлай” ХХК-ийн саналын нэг багц нь 256.193 тэрбум, нөгөө нь 3.7 тэрбум төгрөг байснаар дахин шалгарчээ.

Ийнхүү 2022 оноос хойш жил дараалан нэг ижил тендерт шалгарсан “Шунхлай” группт давуу эрх олгосон байх боломжтой гэх хардлага үүсч байна. Түүнчлэн 2025 онд шалгарсан тендерийн гэрээ 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ гэрээгээр Шунхлай групп УБТЗ-д 106,500 тонн дизель түлш нийлүүлэхээр тусгагджээ.

Хоёрт. Тендерийн зэрэгцээ 30 тэрбумын хөнгөлөлттэй зээл

“Шунхлай”-тай холбоотой өөр нэг асуудал нь шатахуун хадгалах агуулах барих зорилготой хөнгөлөлттэй зээлтэй холбоотойгоор гарч ирэв.

2026 оны 10 дугаар сарын 1 буюу өчигдөр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан шатахуун импортлогчдод олгосон хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэх үеэрээ “Шунхлай” ХХК 30 тэрбум төгрөгийн зээл авсан гэж танилцуулсан.Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 8-нд шатахууны нөөцийн агуулахын санхүүжилтийн хүрээнд 18 аж ахуйн нэгж 22 агуулах барьж, өргөтгөж байгаа, тэдгээрийн дунд “Шунхлай” ХХК-ийн агуулахын төсөлд 9 хувийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлсэн байдаг.

Гуравт. 7 тэрбумын дизелийн тосны тендер

Мөн л Улаанбаатар төмөр замаас зарласан тендерт Шунхлай шалгарчээ. Энэ удаа “Илчит тэрэгний М14Г2-ЦС маркийн дизелийн тос худалдан авах” тендерийн төсөвт өртөг 7.0049 тэрбум төгрөг. Үүнд “Шунхлай” ХХК 5.2594 тэрбум төгрөгийн санал өгсөн бөгөөд бусад оролцогч нь “Интерстандарт нефть” болон “Петровистос” ХХК байжээ.

Он

Захиалагч

Дүн

2022

УБТЗ дизель түлш

337.670 тэрбум ₮

2023

УБТЗ дизель түлш

291.399 тэрбум ₮

2024

УБТЗ дизель түлш

294.569 тэрбум ₮

2025

УБТЗ дизель түлшний гэрээ

259.960 тэрбум ₮

2026

УБТЗ дизелийн тос

5.259 тэрбум ₮

Дээрх тооны нийлбэр дүн дор хаяж 1.2 их наяд төгрөгт хүрнэ. Ийнхүү “Шунхлай” групп төрийн болон төрийн өмчит байгууллагуудын худалдан авалтад нэг удаа бус олон жилийн давтамжтайгаар оролцож, ялангуяа УБТЗ-ын худалдан авалтад давуу байдлаар шалгарч иржээ.

Б.АМИ

Япон явсан сайд нар тус бүр 100 мянган ам.доллар гаргасан уу?
Япон явсан сайд нар тус бүр 100 мянган ам.доллар гаргасан уу?
 
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.02
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.02
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.