
Монгол Ардын намын генсек Я.Содбаатар намынхаа гал тогоог барьж өдөр тутмынхаа үйл ажиллагааг хангаж явах учиртай. Гэсэн ч түүний ажилд "муу" үнэлгээ өгөхөөс өөр аргагүй байна. Учир нь Ардын намынхан дотооддоо хоёр хуваагдан төрийн ажлыг боомилж, хөнжил дотроо жийлцэж, зарим нь бүр нэгэндээ өширхөж яваа энэ цаг үед ард түмний амьдрал улам бүр доройтсоор.
Я.Содбаатар МАН-ын генсекээр өнгөрөгч 2024 оны 7-р сарын 05-ны өдөр томилогдсон. Удалгүй МАН дотооддоо хагаралтай байгаагаа олон нийтэд хүлээн зөвшөөрч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын дотоод хагарлын шалтгаантай холбогдуулан Г.Занданшатар, Я.Содбаатар болон бусад хэд хэдэн улстөрчдийн нэрийг дурдаж байсан. Намын дотоод зохион байгуулалтыг хийх учиртай Я.Содбаатар ийнхүү намаа хагалган бутаргаж байгаа хүмүүсийн нэрс дунд толгой цохиж эхлэв.
Эрх баригч нам болж, УИХ-д 68 суудал авсан ч МАН 30, 38-аараа хуваагдсан нь нэг үгээр хэлбэл АН-ын 42 гишүүнээс ч дор нэгдмэл байр суурьтай байгааг илтгэж буй нь тун ч ичгэвтэр явдал.
Дараа нь Я.Содбаатарын хувьд намын шийдвэрийг дагаагүй хүмүүсийг намаас хөөнө гэх утга бүхий үг хэлсэн нь намаа нэгтгэх бус харин ч улам бүр хагалан бутаргах, нэгэндээ өс санах сэдлийг нь өдөөв бололтой. МАН дотор тус намаас дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тойрсон дотоод тэмцэл өрнөж буй. Харин Я.Содбаатарын хувьд зориудаар ийнхүү намаа хагалан, тодорхой нэг хүнд давуу байдал бий болгохын тулд ажиллаад байгаа юм биш биз гэх хардлага төрүүлсээр байна.
Эрх баригч нам сөрөг хүчинд дарагдав
Сөрөг хүчнээсээ дор байр суурьтай болоод буй эрх баригч намын хувьд нэгдмэл байр суурьтай байх нь өнөөгийн дэлхий дахинаа үүсээд байгаа тулгамдсан асуудлуудыг хохирол багатай даван туулахад чухал нөлөө үзүүлнэ. Харин эрх баригч намын хувьд сонгуулийн сургаар зодоон нь улам бүр ширүүсч, иргэдийн зам дээр өнжих хугацаа уртасч, төсөв батлагдах өдрүүд дөхсөөр.
Намын генсекийн хувьд Я.Содбаатар энэ бүх асуудлыг зохицуулж, намын даргадаа дэм болох учиртай. Гэсэн ч түүний хувьд чадал нь дутав уу, эсвэл чадал бяраа өөр зүйлд ашиглаад байна уу гэдгийг сайтар анзаарах хэрэгтэй. Хэрэв тэр үнэхээр намаа хагалан бутаргах ажлын "хор"-ыг найруулалцаж, улс орны эрх ашгийг цөөн хэдэн хүний эрх ашгаас дээгүүрт тавьж суугаа бол суудлаасаа хөндийрч, эрх мэдлээсээ татгалзах нь зүйд нийцэх биз ээ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.