МАН-ын Сонгуулийн амлалтууд биелж байна уу?
 

МАН-ын Сонгуулийн амлалтууд биелж байна уу?

Монгол Ардын нам 2024 оны сонгуульд оролцохдоо товчхон 5 амлалт өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөрүүдээс чухлын эрэмбээрээ эхний тавд гэж зарласан дээрх амлалтууд бодит амьдралд ямар хэрэгжилттэй байгааг сонирхуулъя.

Нэг хүнд ногдох ДНБ 2 дахин өснө?!

МАН 2024 онд сонгуульд орохдоо нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин нэмэгдүүлнэ гэжээ. 2024 оны суурь үзүүлэлт Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6890 ам.доллар байв. Харин өнөөдрийн байдлаар 2 дахин өссөн бус дөнгөж 2,2хон хувиар арай ядан өссөн буюу бараг зогсонги 7106 ам.доллар байна. Энэ амлалт 2028 оны эцэс гэхэд математик тооцооллоор ч бодит амьдрал дээр ч биелэхгүй нь тодорхой болсон. Хэрэв МАН-ын амлалт бодит зорилтоор хэрэгжиж байгаа бол ирэх онд ДНБ 11,250 ам.доллар. Сонгуультай жил буюу 2028 онд 13,780 ам.доллар болж өсөх байв. Тэдний амласан тоо энэ боловч бодит хөрсөн дээр байдал эсрэгээрээ байна.

Үндэсний баялгийн сан иргэн бүрт очих эсэх

Л.Оюун-Эрдэнэ даргатай Монгол Ардын нам 2024 оны сонгуульд орохдоо Иргэн бүрийн нэрийн дансны хуримтлалыг арвижуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд ашиглах боломж бүрдүүлнэ гэж амлав. 2025 оны эцэс гэхэд ҮБС-ын иргэн бүрийн нэрийн данс 306 мянган төгрөг болсон ч одоогийн Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар уг мөнгөөр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогоо зарлав. Хэдийгээр МАН-ын сонгуульд орохдоо зарласан Үндэсний Баялгийн сангийн анхны амлалт одоогийн байдлаар анх зарласан өдрөөсөө хойш 2,2 хувиар өсөөд байгаа ч зарцуулалтын хувьд мөн л амлалтаасаа ухарсан шинжтэй мэдэгдэл хийлээ. Энэ бол Засгийн газар солигдохдоо сонгуулийн амлалтаа ор тас мартсан, өөрчилсөн шинжтэй алхам юм.

Төсвийн алдагдал 25 хувиар бууруулах

Монгол Ардын нам 2024 оны сонгуульд ялбал төсвийн зарлагыг 25 хувиар буруулах тооцоолол хийсэн. Гэвч бодит амьдрал дээр 2025 онд улсын төсвийн зарлага ДНБ-д эзлэх хувиар Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 31.3 их наяд төгрөг, ДНБ-ий 34.8 хувь болж өсчээ. Энэ онд төсвийн тодотгол болон бусад төсвийн зардал өсч байгаатай холбогдуулж ганцхан жилийн дотор 9,8 хувиар өссөн энэ тоо хоёр оронтой тоонд хүрэхэд ойрхон байна. 2028 он гэхэд төсвийн зарлага ДНБ-тэй харьцуулахад буурах нь бүү хэл жилд 2,5-3,0 пункт хүртэл өсөх бодит тооцоо байна. Энэ нь Ерөнхий сайд Н.Учралын Төсвийн тодотголыг 40 их наядаар тооцож оруулж ирсэн дүн дээр өнгөрсөн 2 жилийн тооцооллыг математик загварт тооцоолсон дүн болж байна. МАН-ын энэ амлалт сонгуулиас хойш 2 жил өнгөрөхөд буурах нь бүү хэл жил бүр графикаар өсч байна. Тэгэхээр амлалт биелсэнгүй, бүр эсрэгээрээ сөрөг үр дүн үзүүлэхээр байгаа.

Өрхийн орлого нэмэгдүүлнэ гэх Амлалт

МАН иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үндэсний Статистикийн хорооны 2025 оны Дөрөвдүгээр улирлын мэдээллээр нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1,85 сая төгрөг буюу 2024 онтой харьцуулахад 5,0 хувиар өссөн тоон дүн харагдавч бодит амьдрал дээр инфляцийн өсөлт уг үзүүлэлтийг үгүйсгэж харагдуулна. 2025 онд иргэн 1 ширхэг талхыг 3600 төгрөгөөр худалдан авдаг байсан бол 2026 оны 10-р сард талхны үнэ 4400 төгрөг болж нэмэгджээ.

МАН иргэдийн орлогыг нэмэгдүүлэхдээ ямар арга замаар, хэдэн хувиар гэдгээ Сонгуулийн кампанит ажилдаа тодорхой заагаагүй ч иргэдийн амьжиргааны түвшин 2024 онтой харьцуулахад бүх үзүүлэлтээр дордсон дүр зураг харагддаг. Нүүрсээ хэдэн сая тонноор зарж, экспортын орлого хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдлээ гэж зарлавч иргэдийн халаасанд, бодит амьдрал дээр бодит орлого өсөх биш улам буурч, өргөн хэрэглээний үнэ өдрөөр биш цагаар өсч байна.

Том үйлдвэрүүд, арьс шир боловсруулах парк, гангийн үйлдвэрлэлийн цогцолбор

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө маш олон зорилт, амлалт өгсөн. Гэхдээ эдгээрийн хамгийн анхаарал татах, гол гэсэн 5 мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бид онцолж байгаа. МАН 2024 онд Том үйлдвэрүүд барьж ашиглалтад оруулж, арьс шир боловсруулах парк байгуулахын сацуу Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор барихаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулж түүнийг дагасан 13 туслан гүйцэтгэх үйлдвэр барьж, жилдээ 7500 тогтмол ажлын байр нэмэх уг амлалт хамгийн сүүлийн мэдээллээр бүтээн байгуулалтын явц 40 гаруй хувьтай байгаа ч мөн л ирэх онд улсын төсвөөс санхүүжүүлэх болон зээл тусламжийн санхүүгийн тооцоолол ойлгомжгүй байна. Энэ төсөл Газрын тос боловсруулах үйлдвэр шиг жил болгон урсгал зардлаа нэмээд явах эсвэл гацаж зогсох бодит эрсдэлтэй.

Харин олон жил дуншсан гангийн үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь мөн л тодорхойгүй. Ямар ч байсан 2028 оны сонгуулийн өмнө хаалгаа нээхгүй нь одоо өрнөж буй процессоос тодорхой харагдана. Жилдээ 1 сая тонноос илүү ган боловсруулах үйлдвэр барих амлалт одоогийн байдлаар сонгон шалгаруулалтын шатандаа яваа. Швед, Хятад, Өмнөд Солонгос, АНУ-ын ган, металлургийн компаниудад урилга хүргүүлж, 5 компани санал ирүүлсэн байгаа гэгддэг. Урьдчилсан үнэлгээгээр 2 хөрөнгө оруулагч хоёрдугаар шатны шалгаруулалтад үлдсэн талаар холбогдох газрууд мэдээлдэг. Хоёр жилийн өмнө сонгуулиар амлалт өгөхдөө уг үйлдвэрийг 2026 оны Нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна гэж байсан нь нэгэнтээ худал болов. Ийнхүү тасралтгүй 12 жил эрх барьж буй МАН иргэдэд амласан “топ 5” амлалтынхаа алинд нь ч тодорхой хэмжээнд хүрээгүй байна.

Б.Өгөдэй

Ахмадуудад зориулсан ХУУЛИЙН шинэчлэлтүүд
Ахмадуудад зориулсан ХУУЛИЙН шинэчлэлтүүд
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.