Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Энэ өдөр Монгол Улсаас ахмад настнуудаа дэмжих ямар бодлого барин ажиллаж байгаа талаар нэгтгэн хүргэе.

Ахмадуудад бодитоор нөлөөлөх гол өөрчлөлтүүд:
- Цогц үнэлгээ, шинэ төрлийн үйлчилгээ
Ахмад настны бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл зүй, өдөр тутмын үйл ажиллагааны чадвар, нийгмийн асуудлыг хамтад нь үнэлэх “ахмад настны цогц үнэлгээ”-г хуульд оруулсан. Мөн асаргааны хувилбарт үйлчилгээ, ахмадын хөгжлийг дэмжих, зөв хооллолт ба дасгал хөдөлгөөн, сэргээн засах үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээ нэмэгдсэн.
- Протез, тусгай хэрэгслийн хөнгөлөлт
Хөл, гар, шүдний протез, сонсох/харах эрхтний ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр болон шаардлагатай тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг өмнөх 5 жилд нэг удаа байсныг 3 жилд нэг удаа олгохоор өөрчилсөн.
- Нийтийн тээвэр
Ахмад настан нийслэл болон аймгийн төвийн нийтийн тээврээр, харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй. Зорчилтын зардлыг тухайн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан.
- Асрамж, сувиллын үйлчилгээ
Төрөөс ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлэх, хувийн хэвшил болон ТББ-ын оролцоог дэмжих эрх зүйн үндэс бий болсон.
- Ахмадын сан
Байгууллагын дэргэд “Ахмадын сан” байгуулж, ахмад ажилтанд чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалт баталгаажсан. Компанийн тухай хуульд ч “Ахмадын сан” байгуулах асуудлыг дүрэмд тусгах зохицуулалт орсон.
-
2026 оны хамгийн том шинэчлэл “суурь тэтгэвэр”
2026 оны 7 дугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, суурь тэтгэвэр гэсэн шинэ бүрэлдэхүүн бий болсон. Энэ өөрчлөлт 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Шинэ тогтолцоогоор тэтгэвэр нь олон давхаргатай болно:
- Суурь тэтгэвэр
- Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр
- Хуримтлалын тэтгэвэр гэсэн бүтэцтэй болж байна.
Хүчин төгөлдөр 2026 оны 7 дугаар сарын 2-ны хууль суурь тэтгэврийг 2027.01.01-нээс олгоно гэж заасан.
Харин Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголд суурь тэтгэврийг хуулийн хугацаанаас өмнө буюу 2026 оны 11 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж, 435 мянган ахмад настанд оны сүүлийн хоёр сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг тусгахаар өргөн мэдүүлсэн.
- Тэтгэвэр тогтоолгох насны тусгай өөрчлөлт
Уг тусгай зохицуулалтаар 1978 он болон түүнээс өмнө төрсөн эмэгтэй 50 нас, 1979 онд төрсөн бол 50 нас 3 сар, 1980 онд 50 нас 6 сар гэх мэтээр 3 сараар нэмэгдэж, 1998 он болон түүнээс хойш төрсөн эмэгтэй 55 насанд хүрч тэтгэвэр тогтоолгох зохицуулалттай.
- Сувиллын хөнгөлөлт
2025 оны Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад олгох эрхийн бичгийн хөнгөлөлтийн дээд хэмжээг:
Ахмад настан- 416,000 төгрөг хүртэл
Хүндэт донор ахмад настан- 832,000 төгрөг хүртэл
- “Насны хишиг” хэвээр хэрэгжиж байна
65 болон түүнээс дээш насны ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадам зэрэг баярыг тохиолдуулан “Насны хишиг” олгох эрх зүйн зохицуулалт хэвээр байна. 2026 онд бүртгэлийг E-Mongolia-аар цахим хэлбэрээр авч байсан.
С.ЭНХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.