
Үндэсний статистикийн хороо болон олон улсын байгууллагуудын сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Монгол Улсад төрөлтийн тоо болон төрөлтийн коэффициентууд сүүлийн жилүүдэд тасралтгүй буурах хандлагатай байгаа талаар дурджээ.
Хэрэв энэ хэвээр буурсаар байвал бид ирээдүйд ажиллах хүчний хомсдолд орж, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх ажилтнуудын тоо цөөрч, тэтгэврийн сангийн алдагдал гүнзгийрнэ.
Манай улсад төрөлт 2014 оноос эхлэн аажмаар буурч эхэлсэн бол энэ үзүүлэлт 2020 оноос эхлэн эрчимтэй буурах төлөвт шилжсэн байна. 2014 онд улсын хэмжээнд 82 мянган иргэн мэндэлсэн бол 2025 онд 56 мянга болон буурчээ.

2026 оны эхний улирлын байдлаар манай улсад 12,818 хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.9 хувиар буурсан үзүүлэлт аж.
2024 оны байдлаар нөхөн үржихүйн насны нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.63 байсан. НҮБ-ын тооцооллоор энэхүү үзүүлэлт буурсаар 2054 он гэхэд 1.96 болж буурах төлөвтэй байна. Энэхүү үзүүлэлт 2014 онд 3.1 байжээ.
Залуу үеийн эзлэх хувь багасаж, ахмад настай хүмүүсийн хувь хэмжээ хурдацтай нэмэгдсэнээр нийгмийн баялаг бүтээгчдийн ачаалал ихэснэ.
Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд шинээр орох залуусын тоо цөөрч, уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбар гэх мэт гол салбаруудад ажиллах хүч дутагдана.
Мөн ахмад настнуудад чиглэсэн эрүүл мэндийн ба урт хугацааны асаргаа сувилгааны үйлчилгээний шаардлага өсөж, төсвийн ачааллыг нэмэгдүүлнэ. Дотоодын худалдан авалт, хэрэглээ болон үйлдвэрлэл багассанаар эдийн засгийн тэлэлт саарах аюултай.
ҮСХ-ны хэтийн тооцооллоор Монгол Улсын нийт хүн ам 2040 он гэхэд 3.9 – 4.3 сая орчим болохоор байгаа ч төрөлт саарч буйтай холбоотойгоор энэ хугацаа 5-6 жилээр хойшлох төлөвтэй болоод байгаа аж. Энэ хандлага цаашид үргэлжилсээр байвал 2040 он гэхэд бид жилд дунджаар 30-40 мянган шинэ иргэн өлгийдөн авах нь ээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.