Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердан орж ашигласан 7 этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердан орж ашигласан 7 этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

/2024.05.06/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 554 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 230, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг 204, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 19 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 60.327 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.203 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3.975, Танхайрах 181, Хүний биед халдах 365, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 241, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52.097, бусад 3.344 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 241 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

  • Иргэн Б нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд үйлчлүүлж байх үедээ халааснаасаа Ай фоне 11 маркийн гар утсаа алдаж, улмаар нэр бүхий арилжааны банкны харилцах данснаасаа 2.015.703 төгрөгийг алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн П-ийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Цахим мэдээллийн технологи ашиглан олон тооны иргэдийн фэйсбүүк хаягт 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, бусдын эд хөрөнгийг залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж А нарын нэр бүхий 7 этгээдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, улмаар уг цахим хэрэгслийг ашиглаж дээрх хугацааны хооронд хохирогч нарын нэрийг ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, мөнгө шилжүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Хөвсгөл аймаг Алаг-эрдэнэ сумын нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 25-ны иргэн Б нь 15 ширхэг босоо шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэж 13,353,171 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Богд хаан уулын дархан цаазат газар иргэн Б нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, 3,230,089 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Д нь энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 8.551 м3 “Шинэс” мод бэлтгэн, тээвэрлэн 9,851,877 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн А нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэр бүхий компанийн мод бэлтгэх эрхийн бичгийг ашиглан, хууль бусаар мод бэлтгэж 12,974,321 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК нь үйлдвэрийн байрандаа тусгай зөвшөөрөлгүй химийн хорт, аюултай бодис хадгалж, ашигласан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

  • Энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн “Халх гол” сумын нутаг дэвсгэрт авто зам дээр явж байсан нэр бүхий компанийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад учруулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн А, Г нарын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
  • Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайт болон цахим хэрэглэгчийн хаягуудад 2024 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” нэр бүхий 8 иргэний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилна
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилна
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.