/2024.05.06/: Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх НҮБ-ын дэд хороо 2024 оны тавдугаар сарын 5-16-ны өдрүүдэд Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж, өмнөх буюу 2017 оны айлчлалын зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлнэ.
"Долоон жилийн өмнөх бидний айлчлалаас хойш Монгол Улсын Засгийн газар урьдчилан сэргийлэх үндэсний механизмаа байгуулсан нь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм" хэмээн Дэд хорооны төлөөлөгчдийн тэргүүн Элина Штейнерте хэлэв. Мөн Засгийн газар бидний зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буйг үнэлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго" хэмээн нэмж тодотголоо.
“Монгол Улсад саяхан байгуулсан урьдчилан сэргийлэх үндэсний механизм нь эрүүдэн шүүх, хүнлэг бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй талаар биечлэн сонсохыг бид тэсэн ядан хүлээж байна. Бид өмнөх зөвлөмж, энэ удаагийн ажиглалтад үндэслэн шинэ санал зөвлөмжүүд гаргаж, Монгол Улстай цаашдын яриа хэлэлцээ хийх амлалтаа дахин нотлох болно” гэж тэрээр онцоллоо.
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколыг (OPCAT) Монгол Улс 2015 онд соёрхон баталсан.
Дэд хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд Нэмэлт протоколд оролцогч бүх улсад айлчилж, эрх чөлөөгөө хасуулсан эсвэл хязгаарлуулсан хүмүүс байж болзошгүй бүх газарт урьдчилан зарлалгүй шалгалт хийх эрх хэмжээтэй болно. Айлчлалын явцад Дэд хорооны төлөөлөгчид төрийн албан хаагчид, урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид болон НҮБ-ын бусад агентлагуудтай уулзана.
Нэмэлт протоколын 16 дугаар зүйлд заасны дагуу Дэд хороо нь айлчлалын төгсгөлд урьдчилсан санал дүгнэлтээ Монгол Улсын Засгийн газар болон урьдчилан сэргийлэх үндэсний механизмд нууцын зэрэглэлтэй танилцуулна. Дэд хороо нь гэрээний оролцогч улсад тайлангаа хүргүүлэх бөгөөд Монгол Улсын эрх бүхий байгууллагууд олон нийтэд мэдээлэхийг хүсэх хүртэл тайлангийн нууцлалыг хадгална. 2017 онд Монгол Улсад хийсэн айлчлалын тайлантай энэхүү холбоосоор танилцана уу
Дэд хорооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төлөөлөгчдийн тэргүүн Елина Штейнерте (Латви), Ника Кварацхелия (Гүрж), Аника Томшич (Хорват), Мартин Зинклер (Герман) нар багтсан. Төлөөлөгчдийг ХЭДКГ-ын хүний эрхийн хоёр ажилтан дагалдан явна.
Эх сурвалж: НҮБ