/2024.04.30/: Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тогтоолын төслийг "Нийслэлийн Орон Сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан танилцууллаа.
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байна.
Үүнээс 95 айлын орон сууцад тус дүүргийн оршин суугчдыг НОСК-иас түрээслээд өмчлөх гэрээний дагуу хамруулж, эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй энэхүү орлогыг орон сууцны хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд зарцуулж, төслийг үргэлжүүлэх аж. Уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, баталлаа.
НОСК, Багахангай дүүргийн хамтарсан гэрээний хүрээнд уг төвлөрсөн хөрөнгөөр иргэдийн амьжиргаанд тохирсон 1 блок, үйлчилгээний талбайтай 2 давхар 600 м.кв орон сууц барихаар төлөвлөжээ.
Товчхон:
- Нийслэлийн өмчит “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн холбогдох төслүүдийг Зам тээврийн яам болон нийслэлд хариуцуулж байгаатай холбогдуулан уг компанийг татан буулгах тогтоолын төслийг дэмжлээ.
- Нийтийн тээврийн орлого жил бүр буурсаар байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, нийслэлийн төсөвт учрах дарамтыг багасгах зорилгоор БНСУ-ын T-money групптэй хамтран ажиллах гэрээг цуцалж, Улаанбаатар смарт карт ХХК-ийн системийг өөр шийдэлтэй системээр сольж, үйл ажиллагааг нь Нийтийн тээврийн газарт хариуцуулан, хөрөнгийг нь Нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгын өргөтгөлийн барилга болон 4-р хороонд байрлах 50 дугаар дэлгүүрийн өргөтгөл, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн өмчлөлийн 49 хувь, СХД-ийн 21-р хороо агуулахын барилга байгууламжийг тус бүр өмч хувьчлалын жагсаалтаас хасав.
- “Тэнүүн-огоо” ХХК-ийн “Төлбөр барагдуулах хэлэлцээр”-ийн дагуу нийт 75 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч бүртгэлээ.
- Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, Баянзүрх дүүргийн 8, 318, 320 дугаар цэцэрлэгийн барилга, байгууламж, Хан-Уул дүүргийн 145, 322, 324, 325 дугаар цэцэрлэгийн барилга нийт 22 тэрбум гаруй өртөг бүхий 8 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэв.
- “Ус сувгийн удирдах газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй гүний худгийн 2 ширхэг барилга, ус түгээх 6 ширхэг барилга, нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн хичээлийн хуучин байр, Багахангай дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хуучин барилгыг тус бүр акталж, нийслэлийн өмчөөс хаслаа.
- 257 сая орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 2 тээврийн хэрэгсэл, 3 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий үлдэх өртөггүй 32 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, төрийн өмчид шилжүүлэв.
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Ус дулаан дамжуулах төв, Конторын өргөтгөл, 7 дугаар хорооны цехийн барилга, Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны салбар байр 4, хашааг тус бүр Нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.
Эх сурвалж: НИТХ