/2024.04.29/: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах, Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг нийслэл гадаад үнэт цаас гаргах тухай асуудлыг танилцууллаа.
Гэр хорооллын сэргэлтийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороог орон сууцжуулах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Тодруулбал, эхний ээлжид 158 га газарт 12.000 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн 10 байгууламж, худалдаа, үйлчилгээний төв, спорт ордон байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ “20 минутын хот” консептын дагуу хэрэгжүүлэх юм.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:
-Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна. Нөлөөллийн бүс дэх 2350 айлын газрыг чөлөөлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1525 айлтай уулзаж, зөвшилцсөн байна. Ирэх долдугаар сар гэхэд газар чөлөөлөлтийг дуусгана. Үүний дараа барилгын ажлыг эхлүүлнэ. Иймээс иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлийн төслүүдэд гадаадын зах зээлээс урт хугацаатай, хүү багатай ногоон бонд болон тогтвортой хөгжлийн бонд босгох боломжтой. Үүнийг Засгийн газрын өрийн баталгаатай гаргахаар төлөвлөж байна. Нийслэл гадаад үнэт цаас гаргахдаа олон улсын гурван банк, хуулийн зөвлөх үйлчилгээг олон улсын хоёр компани, мөн санхүүгийн зөвлөх үйлчилгээг авахаар эдгээр байгууллагатай хамтран ажиллана гэв.
Үргэлжлүүлэн нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.
Нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 11.3 хувиар өссөн бөгөөд цаашид хэрэглээ эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 300 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд нийт 555.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд одоогийн байдлаар 393.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж 75 хувийг гүйцэтгэлтэй байна. Тус төслийн дараагийн үе шатуудыг эрчимжүүлснээр станцын хүчин чадал 600 мВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэллээ.
Мөн бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төсөл, замын барилга, байгууламжийн төсөлд хөрөнгө оруулахаар төвлөсөн.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг ирэх наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулахад Улаанбаатар хотын бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын барилгын ажлыг дуусгаж, хамт ашиглалтад оруулах шаардлагатай. Уг шугам ашиглалтад орсноор ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурна. Түүнчлэн Гачуурт, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Баянхошуу, Толгойт болон Баянголын аманд баригдаж буй орон сууцны хорооллын хэрэглэгчдийн бохир усыг хүлээн авах нөхцөл бүрдэх юм.
Улаанбаатар хот 1450 км хатуу хучилттай авто замтай. Сүүлийн жилүүдэд хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байгаа юм. Цаашид ч уг тоо өсөх хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд гол болон туслах, орон сууцны хороолол доторх нийт 27 байршилд, 73.1 км урттай зам, ус зайлуулах хоолойн иж бүрэн бүтээн байгуулалтыг 150.0 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн дотоодын үнэт цаасыг 15-16.5 хувийн хүүтэй байхаар санал гаргасан гэдгийг Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлж байв.
Дээрх хоёр асуудалтай холбогдуулан НИТХ дахь намын бүлгүүд санал, дүгнэлтээ танилцуулав
НИТХ дахь Хүн намын бүлгийн дарга Д.Гантулга:
-Улаанбаатар хотын төвлөрлийг сайруулах, түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, үер усны аюулаас урьдчилсан сэргийлэх зэрэг ажлуудыг цаг алдалгүй шийдэх, бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх нийслэлийн гадаад, дотоод бонд гаргахыг дэмжиж байна. Ингэхдээ үр ашигтай зарцуулах, тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдвэрлэх шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь зөв. Нийслэл үнэт цаас гаргаснаар дотоодын зах зээлд эерэг үр дүн гарна гэж үзэж байна. Мөн Монгол Улсад зээлийн хүү буурах чухал ач холбогдолтой гэлээ.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх:
-Нийслэлийн дотоод үнэт цаас гаргаж гурван төсөлд хөрөнгө оруулна гэсэн ч эдгээр төсөл 2024 онд багтаж дуусахгүй. Үнэт цаас бол өр, орлогоосоо давсан зардлыг гаргаж байгааг НИТХ дахь АН бүлэг дэмжихгүй гэв.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр:
-Нийслэл хот гадаад, дотоод бонд гаргах нь холбогдох хуулиудад нийцсэн гэж үзэж байна. Тиймээс нийслэл гадаад, дотоод үнэт цаас гаргах асуудлыг НИТХ дахь МАН бүлэг дэмжиж байна гэв.
Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа.
Ташрамд, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг.
Үүний дагуу Нийслэл үнэт цаас гаргах харилцааг Өрийн удирдлагын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төв банкны тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна. Нийслэл дотоод үнэт цаас гаргахдаа Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу НИТХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргуулах, цаашлаад уг тогтоолын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлнэ.
Эх сурвалж: НЗДТГ