“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

/2024.04.25/: Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ –Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт Төрийн ордны “Их Монгол” танхимд “Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейн Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал проф.др. Шерил Алипио ажилласан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын “Зорилт16.7:Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох нь” зорилтыг хангахын тулд юу хийх, ямар арга хэмжээ авах талаар хөндөн хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн бүтцийн шударга бус байдал, тэгш бус байдлыг шийдвэрлэх нь” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Бүтцийн тэгш бус байдал нийгмийн аль нэг бүлэг бусдыг баялаг, нөөц бололцоонд нэвтрэх эрхийг санаатай болон санамсаргүйгээр хориглосон дүрэм журам тогтоосон үед эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсдэг. Хүн төрөлхтөн олон нийтэд хүртээмжтэй байхыг хичээсээр ирсэн, бидний үйл ажиллагаанд зарим ахиц дэвшил байгаа ч, олон сорилттой тулгарсаар байгааг дурдаад сүүлийн жилүүдэд “COVID-19” цар тахлын нөлөөлөл, байгалийн гамшиг, бүс нутгийн мөргөлдөөн, дайны тоо нэмэгдэж байгаа нь тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсны хүртээмжийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих бидний хүчин чармайлтад саад бэрхшээл учруулж байна. Улмаар өнөөдөр бид, дэлхий дахинаа 100 жилийн өмнөх тэгш бус байдалтайгаа дахин нүүр тулаад байгааг онцлов.

Мөн Монгол Улс цар тахлын эхэн үед Хятадтай хилээ хаасан ч манай улсын эдийн засаг огцом удааширч хүндрэлүүд гарч эхэлсэн улмаар Монгол Улсын Засгийн газар “COVID-19” цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээ нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих нийгмийн хамгаалал, эмзэг бүлгийн бизнесийг дэмжих, төсвийн урамшууллын арга хэмжээ авах гэсэн гурван багцаас бүрдсэн. Монгол Улс 2021 оны эхээр коронавирусын эсрэг вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн бөгөөд оны эцэс гэхэд нийт хүн амын 66.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, 28 хувь нь нэмэлт тариа хийлгэсэн. “COVID-19” цар тахлын дэгдэлтийг бууруулах арга хэмжээ нь хамгийн эмзэг бүлгийнхэнд зориулагдсан бөгөөд дэлхийн олон оронд тахал өвчний дараа ядуурлын түвшин огцом өссөн. Монгол Улс “COVID-19” цар тахлын эсрэг чиглэсэн арга хэмжээ авснаар ядуурал 1.7 хувиар буурсан гэж байлаа.

Өнгөрсөн жил Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ нь Тогтвортой хөгжлийн зорилго 5, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэж, УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэн батлуулахад амжилт гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар хөдөлмөр эрхлэлтийн стандарт бус хэлбэрийг хүлээн зөвшөөрч, хөдөлмөр эрхэлж буй гэр бүлд илүү их дэмжлэг үзүүлэх заалтуудыг тусгаж, хөдөлмөрийн зохион байгуулалт, нийгэмд гарсан өөрчлөлтүүдийг авч үзэхэд хот, хөдөөгийн төрийн үйлчилгээний ялгаа их байгааг тогтоосныг Х.Булгантуяа сайд илтгэлдээ онцлоод асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг дунджаар 40 хувиар нэмэгдүүлэх стратегийг Засгийн газраас хэрэгжүүлж, алслагдсан орон нутгийн иргэдийн үндсэн цалинг 20 хувиас доошгүй нэмэгдүүлэхээр тусгасан. 2024 онд үндсэн цалинг 10-20 хувиар нэмэгдүүлнэ. Эдгээр хүчин чармайлт нь төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, “Хөдөөгийн сэргэлт” төсөлтэй уялдуулан улсын хэмжээнд нийгэм, эдийн засгийн ахиц дэвшил гаргах зорилготой гэв.

Ахмад настны амьжиргааг дэмжих зорилгоор 2023 онд тэтгэврийг дунджаар 25 хувиар нэмэгдүүлж, 2024 онд эдийн засгийн өсөлтийг дагаад нэмэгдүүлсэн. Хоёр үе шаттайгаар жилийн хугацаанд дундаж тэтгэвэр 50 хувиар нэмэгдсэн. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс 29 жилийн дараа Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж, хөрөнгийн менежментийг сайжруулах, даатгал төлөгчдийн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асран хамгаалагч, малчид зэрэг нэн эмзэг бүлгийн хүмүүст даатгалын дэмжлэг үзүүлэх шинэлэг арга хэмжээг нэвтрүүлсэн. Хүн амд учирч буй өвчлөл, эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, ялангуяа эмзэг бүлгийн хүмүүсийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах замаар шийдвэрлэх шаардлагатай байна. Хүн амын 90 гаруй хувь нь нийгмийн эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Дундаж наслалт нэмэгдсэн хэдий ч халдварт бус болон зарим халдварт өвчин илэрсээр л байна. Засгийн газраас 2022 онд хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг хийх үндэсний эрүүл мэндийн хөтөлбөр"-ийг санаачлан хэрэгжүүлж байна. Нэг жилийн хугацаанд нийт 1.3 сая иргэн уг хөтөлбөрт хамрагдаж, хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх боломжтой үе шатанд оношлох ажлыг хөнгөвчилсөн гэдгийг Х.Булгантуяа сайд илтгэлдээ дурдсан юм.

Мөн бодлогын өөрчлөлт, эрх зүйн шийдлийн хувьд эрх тэгш байдлыг хангасан, хүний эрхийг хамгаалсан, тэгш боломжийг хангасан хуулиудыг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Шударга бус явдлыг таслан зогсоож байгаа хувь хүн, албан байгууллагуудад хариуцлага тооцдог эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Хууль эрх зүйн шийдэл боловсруулах, хэлэлцүүлэхэд олон талын дуу хоолойг тусгах үүднээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх тодорхой процессыг тусгасан Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурал өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цахимаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргахад олон нийтийг оролцуулах цахим платформыг ажиллуулж эхэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу УИХ-ыг 126 гишүүнтэй байхаар хуульчлахын зэрэгцээ сонгуулийн холимог тогтолцоог анх удаа хуульдаа тусгаж өгсөн гэв.

Түүнчлэн нийгмийн анхан шатны хөдөлгөөн нь нийгмийн өөрчлөлтийг жолоодох, дарангуйлагч тогтолцоог эсэргүүцэх, гадуурхагдсан хүмүүсийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын Их Хурал олон нийт, мэдээлэгчид хоорондын туршлагыг нэмэгдүүлэх, эв санааны нэгдлийг дэмжих зорилгоор “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Хөдөөгийн хөгжил хоцрогдсоноос болж Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэж, үүний үр дүнд хүн амын тал хувь нь оршин суудаг хот болсон. Хөдөө орон нутгийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн бодлого дэвшүүлж, өргөн уудам нутгийг хөдөөгийн зургаан бүс болгон хувааж, аймгийн төв, хилийн боомтыг холбосон таван тойрог зам барих ажлыг эхлүүлсэн. 2024 оныг "Бүс нутгийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг анх удаа бүсийн зургаан тойрог буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулна гэдгийг Хөдөлдмөр, нийгмийн хамгааллын сайд илтгэлдээ дурдсан.

Мөн тэрбээр, Монгол Улс хүртээмжтэй нийгмийг бий болгоход чиглэсэн бүтцийн шударга бус байдал, тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн төрийн хатуу бодлого, арга хэмжээг авж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ сорилтыг ажил хэрэг болгоход дэлхий нийтийн санаачилга, тогтвортой байдал, энх тайван зэрэгцэн орших нь амжилтад хүрэх гол хүчин зүйл гэдгийг онцолж байлаа.

Үргэлжлүүлэн нэгдсэн хэлэлцүүлгийн панелист Улаанбаатар хот дахь Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефан Бурри илтгэл тавьж, тус агентлагийн үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцсан юм. Тодруулбал, Европын хүний эрхийн шүүх дээр 70 дээш насны эмэгтэйчүүдэд уур амьсгалын өөрчлөлт ялангуяа, цаг агаарын халуун үзэгдлүүд нь илүүтэй нөлөөлж буй талаар гомдол гаргаад ялсан талаар дурдлаа. Энэхүү шударга, ёс, хариуцлагын асуудлыг уур амьсгалын өөрчлөлт цаашлаад, Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд уялдуулан гомдол гаргаж хэн нь, ямар хариуцлага хүлээж байгааг хөндсөн бөгөөд цаашид иргэдийг ийм ухамсартай болгохын тулд чанартай боловсролын хүртээмжээр хангах нэн шаардлагатай гэж үзэж байгаагаа дурдсан.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс парламентын боловсролыг нэмэгдүүлэх, хараат бус хэвлэл мэдээллийг хөгжүүлэх хүрээнд сэтгүүлчдийн хөтөлбөр, малчдын орлогыг сайжруулах зэрэг төсөл хэрэгжүүлж байгааг дурдаад ялангуяа хууль батлах үйл явцад иргэдийн оролцоог шинэ түвшинд гаргахыг зорьж байна гэв. Швейцарын хөгжлийн агентлаг, ОУПХ-той хамтраад Жендерийн эрх тэгш байдал буюу Хүний эрхийн үнэлгээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн бөгөөд энэ нь дэлхийн парламентуудад анх удаагаа Хүний эрхийн үнэлгээг өөртөө хийсэн институц болсныг онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн панелист Ченчи Үндэсний Их сургуулийн Ази Номхон далайн судлалын Олон улсын докторын хөтөлбөрийн туслах профессор Др.Жейкоб Рэйдхэд, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын тэнхимийн багш Проф.Др.Хва Жун Ким, Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн постдокторын судлаач Др.Жүнки Накахара, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Олон улс судлалын дээд сургуулийн декан, Олон улс, бүс нутаг судлалын хүрээлэнгийн захирал, Олон улс судлалын тэнхимийн профессор Др.Брендан Хоу нар "Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдвийн хүрээнд холбогдох судалгааныхаа илтгэлээ танилцууллаа.

Нэгдсэн хэлэлцүүлэг “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

Эх сурвалж: УИХ

АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.