/2024.04.11/: Нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ.
Улсын Онцгой комиссын 2024 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын 2024 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн таван дүүргийн ногоон бүсийн 71 чиглэлд эргүүл хяналтын үүргийг гүйцэтгэж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Тус арга хэмжээ 5 дах жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн онд эргүүл хяналтын бүрэлдэхүүн шар өвс шатсан 70 гаруй дуудлагаар гал түймрийг шуурхай унтрааж ажилласан юм.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 9 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацааг “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Иймд иргэд, олон нийт хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ