/2024.03.27/: Тайландын аялал жуулчлалын томоохон хотуудад жуулчдаас хулгай хийдэг байсан Монгол Улсын иргэдийг саатуулсан тухай мэдээ Тhepattayanews мэдээллийн сайтад нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.
Уг сайтад "Жуулчны цагдаа, Цагаачлалын алба хамтран Бангкок, Паттайя хотын томоохон газруудад жуулчдын халааснаас хулгай хийсэн байж болзошгүй таван монгол иргэнийг баривчилжээ.
Хятадын жуулчин 71 настай хатагтай Сун Юэйинг Паттая дахь хөвөгч захыг үзэж байхдаа халаасны хулгайд өртсөн гэж Нонгпругийн цагдаад мэдүүлсний дараа гуравдугаар сарын 11-нд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Хохирогч 21 мянган юань, 1800 Тайланд баттай түрийвчээ хулгайд алдсан байна.
Баривчлах албаныхны мэдээлснээр сэжигтнүүд багаар ажиллаж байжээ. Тэд эхлээд байгаа хайж судлан хулгай хийдэг байсан бөгөөд ингэхдээ шүхэр ашигладаг байж. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд Бангкок, Паттайя хотын аялал жуулчлалын төв, худалдааны төв, BTS Skytrain буудал зэрэгт ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.
Гуравдугаар сарын 23-ны өдөр Бангкок хотын Он Нут дүүрэгт байрлах зочид буудлаас уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Монголын таван иргэнийг баривчилжээ. Сэжигтнүүдийн гурав болох Найдангийн Нансалмаа 32 настай, Авирмэдийн Ганзориг 25 настай, Дорихоролын Гамболд 24 настай этгээдүүдийг Паттая мужийн шүүхээс баривчлахаар тогтоогоод байна. Гурвуулаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, Паттая хотод хятад жуулчнаас хулгай хийсэн гэж мэдэгджээ.
Таван сэжигтний визийг хүчингүй болгож, Тайландын хар жагсаалтад оруулсан байна. Одоогоор тэднийг албадан гаргах ажиллагаа явагдаж байна" гэжээ.
Эх сурвалж: Тhepattayanews