Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хоёр дахь уулзалтаа Ерөнхий сайд Дарь-Эхэд хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хоёр дахь уулзалтаа Ерөнхий сайд Дарь-Эхэд хийлээ

/2024.02.27/: Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулах, аймгуудыг зургаан бүсэд хуваах, аймгийн төвүүдийг хооронд нь болон боомтуудтай холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүрэг, Толгойтоос эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажилладаг төрийн албан хаагчидтай уулзлаа.

Энэ бүсэд 15,616 өрхөд 53,943 иргэн оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон учраас дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан. Засгийн газрын дундаж насжилт 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Бодлого тогтворгүй байсан нь томоохон асуудлуудад нөлөөлж, урт хугацааны бодлогогүй явж иржээ. Үүний суурь нь авлига.

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй байдал зэрэг өнөөдөр нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал авлигатай холбоотой. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийг боловсруулсан” гэлээ.

Баянзүрх дүүрэг 500 орчим мянган хүн амтай.
Бүсчилж хөгжүүлбэл төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, эмнэлэг, сургуулийн хүртээмж сайжирч, хотын төвд байрлах төрийн үйлчилгээний ачаалал буурна. Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал реформ болно гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдэж байлаа.

Тухайлбал, тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Бүсчилж хөгжүүлбэл, аль нэг чиглэлийн үйл ажиллагаа хариуцсан ажилтны ажлын ачаалал буурна. Дарь-Эхийг дүүргийн статустай болговол олон давуу талтай. Нийт газар нутаг нь барилгажаагүй учраас зөв төлөвлөвөл илүү хөгжих бүрэн боломжтой” гэсэн бол Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат “Манай дүүрэг гурван аймгийг нийлүүлсэн хэмжээний газар нутагтай. Төрийн өмчийн 70 сургууль, 100 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Манай хэлтэс 10 гаруй хүнтэй. Бүсчилж хөгжүүлбэл ачаалал буурна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч нэмэгдэх сайн талтай” гэлээ.

Ерөнхий сайд уулзалтын дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт ажиллалаа. Тус цэгт өдөрт 2-2.5 тонн хог ирдэг. Хот тохижилтын газраас хогийг дахин боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав. Хог, хаягдлын менежментийг өөрчлөх ахуйн болон үйлдвэрлэлийн хог, хаягдлыг шатаах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлуулах саналаа Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлжээ.

Мөн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус эмнэлгийг 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн зургаан хорооны 48,873 хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус эмнэлэг төвийн шугамд холбогдоогүй учраас урсгал зардалд хамгийн их төсөв зарцуулдаг байна. 2023 оны долдугаар сард магадлан итгэмжлэгдсэн, ЭМДЕГ-тай гэрээгүй зэрэг нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад хүндрэлтэй байдаг. Даатгалаас санхүүжвэл хэвтүүлэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж, санхүүжилтээ шийдэх боломжтойг тус эмнэлгийн дарга И.Батзаяа хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн хөгжлийн концепцийг тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, эдийн засгийн нөөц, чадавхид тулгуурлан тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа он дамжин удааширсан, царцсан төсөл арга хэмжээг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхийг даалгав.

Эх сурвалж: ЗГ

Дарь-Эх орчмыг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
Дарь-Эх орчмыг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.