Хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгууль оногдуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгууль оногдуулжээ

/2024.01.22/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 31,363 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 305 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 155, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 1, Өмчлөх эрхийн эсрэг 102, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 25, бусад 8 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 59,298 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59,105 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58,628 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 477 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,404, танхайрах 163, хүний биед халдах 385, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 261, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 52,467, бусад 3,425 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13,800,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 21 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 57, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:

  • Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
  • Мөн иргэн “Н” нь 2024 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгажээ.

Шалгалтаар 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд иргэн “П” нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж зодсон үйлдлийг илрүүлж, түүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогчид долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Хятадын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт болж 47 хүн дарагджээ
Хятадын баруун өмнөд хэсэгт хөрсний гулгалт болж 47 хүн дарагджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.