/2024.01.05/: Хуучнаар твиттер гэгддэг Х платформын нэгэн хэрэглэгч өчигдөр Фукуокоос Улаанбаатар луу нисэж байсан Eznis авиа компанийн онгоц техникийн асуудлаас болж агаарт хэдэн цаг нисэж байгаад буцаж Фукуок аралд газардсан тухай нийтэлсэн.
Тэгвэл энэ тухай тус компани өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийжээ.
2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр MG212 дугаарт аяллын нислэг БНСВУ-ын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн боловч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул бид Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардахын тулд Агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жинд тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн.
Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар, журмын дагуу Инженер техникийн ажилтнууд агаарын хөлөгт нарийвчилсан үзлэг шалгалт, техник үйлчилгээг хийж агаарын хөлөг нислэгт бэлэн болсноор орон нутгийн цагаар 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 13:30 цагт MG212 дугаарт аяллын нислэг Фукуок олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний нэн тэргүүний зорилго тул та бүхэн бидний нөхцөл байдлыг ойлгон хүлээн авна гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: "Изинис Эйрвэйз" ХХК