/2024.01.04/: Итали улсын Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам нэгдүгээр сарын 12-21-нд болох бөгөөд 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх юм.
Монгол Улсаас цана, тэшүүрийн төрлөөр баг тамирчид оролцох бөгөөд баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр болов.
Тус наадам өмнө нь хоёр удаа болоход Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртсэн ба дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэж байв.
Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас Л.Алтанцэцэг хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин. Тэрээр 2015 онд болсон тус наадмын тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртэж, 2020 онд Австри улсад болсон энэ наадмын 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртжээ.
Харин Монголын багийн хамгийн ахмад нь болох Б.Жалбаа (83 настай) 2020 онд болсон тус наадмын 500, 1000, 1500, 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн нь онцлохоос аргагүй амжилт юм.
Мастеруудын наадмаас медаль хүртсэн бусад тамирчдыг дурдвал, Н.Эрдэнэтуяа, Д.Энхээ, Р.Сарантуяа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.
Эх сурвалж: БТСУХ