/2023.11.10/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөө өглөө /2023-11-10/-ний уулзалтаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шарифи нартай хийлээ.
НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Хүн амын сан, Хүүхдийн санг Монгол Улсад төлөөлж буй эрхмүүд хамтдаа багаараа уулзаж тодорхой асуудлаар санал солилцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад тавьсан юм.
С.Чинзориг сайд уулзалтын эхэнд УИХ-аар хэлэлцэж буй 2024 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарт хийж буй бодлогын шинэчлэлтэй холбоотой орж буй зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн.
Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан сайдын өгсөн мэдээлэд талархал илэрхийлээд өмнөх уулзалтуудаар ярилцаж тохирсон ажлуудын гүйцэтгэлийн талаар танилцуулсан. Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарын цахимжуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж сервер худалдан авах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, эмийн шууд худалдан авалтын журам зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж байгаа.
Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи ирэх онд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх хүрээнд орон нутгийн ЭМТ-үүдэд үнэлгээний хамтарсан баг гарган ажиллуулж, бага насны хүүхдийн хөгжил болон өсвөр үе, залууст ээлтэй тусламж үйлчилгээг нэвтрүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулах, бодлого тодорхойлоход Хүн амын сан, Хүүхдийн сан хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, цар хүрээг өргөжүүлэх, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх талаар хамтран ажиллах НҮБ-ын төрөлжсөн байгууллагынхны тавьж буй саналыг бүхий л талаар дэмжин хамтарч ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлээд Монгол Улсын хүүхэд, залуусын төлөө тэдний эрүүл мэндийн талаар анхаарч тодорхой ажлуудыг хийж дэмждэгт талархлаа.
Эх сурвалж: ЭМЯ