/2023.10.30/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 35.563 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 587 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 221, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 34, Өмчлөх эрхийн эсрэг 215, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 22, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, бусад 23 хэрэг байна.
Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ явуулснаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчил өмнөх 7 хоногоос 0.6 хувь, түүний дотор хулгайлах хэрэг 23.0 хувь, хүний амь нас хохирсон хэрэг 16.9 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 9.4 хувиар буурчээ.
Мөн энэ хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 715 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 13 тохиолдлыг илрүүлэн хуульд заасан шалгах ажиллагааг явуулж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Өмчлөх эрхийн эсрэг хэргүүдээс:
- Мөрдөн байцаах албанаас иргэн “Э” нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний ил уурхайд хамтран ажиллана гэж гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдээс:
- Экологийн цагдаагийн албанаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх газарт иргэн “Г” нь нэр бүхий 5 иргэдтэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, хууль бусаар хуш модны самар бэлтгэж, 60.704.820 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс иргэн “Ж” нь “Т”, “Б” нартай бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, 255.516.426 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “Т” нь 2022 оны 09 дүгээр арын 16-ны өдөр хуш модны цайруулсан самар хууль бусаар худалдан авч, хадгалан 155.124.650 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны дэвсгэр “Баянголын ам” гэх газарт иргэн “Х” нарын нэр бүхий 4 иргэд бүлэглэн хууль бусаар хуш модны самар бэлтгэж, тээвэрлэн 84.026.280 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Таширын нуруу гэх газраас иргэн “Н” нарын нэр бүхий 6 иргэн ашигт малтмал (алт) олборлож 25.914.145 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулж, мөнгө угаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Түүнчлэн дараах зарим зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Тухайлбал:
- Иргэн “Т” нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын хажууд “Машин урсгал сөрүүлж хөдөлгөөнд оролцуулсангүй” гэх шалтгаанаар иргэн “Б”-ийн биед нь халдаж, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлэх саналыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхийн шийтгэврээр 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгож,
- Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй өдөр өнжүүлэх төвийн багш “А” нь 6 настай хүүхдийг тоглоомын талбайд хараа хяналтгүй үлдээсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх 300.000 төгрөгөөр торгох,
- Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн иргэн “Н” нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Голден Будда” хотхоны баруун замд “Hyundai” маркийн “Porter” загварын тээврийн хэрэгслийг жолоодох үедээ хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслийг шахаж хөдөлгөөнд осолтой байдал бий болгосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52 дахь хэсгийн 52.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Эх сурвалж: ЦЕГ