/2023.10.16/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн юм.
Энэ хүрээнд 68 байгууллага 120 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, “Хас” банктай хамтран тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг даалгавар өгч, удирдах албан тушаалтнуудыг ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэйг санууллаа. Мөн 30 гаруй хуулиас бүрдэх Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байгаа тул саналаа тусгахыг онцлов.
Эх сурвалж: НЗДТГ