БОЛСОН ЯВДАЛ: Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдүүд өртсөөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОЛСОН ЯВДАЛ: Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдүүд өртсөөр байна

Хүн худалдаалах гэмт хэргийн бодит хэргүүдийг та бүхэнд хүргэе.

Хамгийн анх буюу 1999 онд хоёр монгол эмэгтэй Югославт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсноо мэдэгдэж, тусламж хүсжээ. Үүнээс хойш энэ гэмт хэрэгт насанд хүрэгчдээс гадна хүүхдүүд ч өртсөөр байна.

БОЛСОН ЯВДАЛ №1: Галт тэргэнд 10-14 насны хүүхдүүдийг
нууж авч гарах гэж байжээ

2008 онд галт тэрэгний бие засах өрөөнд 10-14 насны хүүхдүүдийг нуун, хил гаргах гэж байсан. Байцаагчид шалгалтаар тэднийг олсон ч тухайн үед хүүхдүүд үнэнээ хэлж чадахгүй, бүгд “Галт тэргэнд замын дундаас суусан” гэжээ.

Гэтэл олон улсын галт тэрэг замын дунд зогсдоггүй. Бие засах өрөөнд хүүхдүүд тийм олуулаа яах гэж оров, 7-8 цагийн турш яагаад бүгд чимээгүй байв, энэ хугацаанд зорчигчид яагаад бие засах өрөөг ашиглаагүй вэ гэдэг нь эргэлзээтэй, учир битүүлэг. Хэд хоногийн дараа дахин уулзахад хүүхдүүд анх ярьснаасаа өөр зүйл ярьсан.

Тэднийг нууцаар хил гаргах гэж байсныг тогтоосон байна. Тэднийг бие засах өрөөнд нууж, баригдвал юу гэж хэлэхийг нь ч зааж өгсөн байжээ.

“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах:
-Энэ бол хүн худалдаалах гэмт хэрэгт насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдийг ч өртүүлж буй жишээ юм. Тухайн хүүхдийн эцэг эх биш бол насанд хүрсэн хүн гадаад улсад зорчихдоо хамт яваа хүүхдийг асран хамгаалж явах итгэмжлэл хийлгэж, нотариатаар батлуулан баталгаажуулдаг. Насанд хүрээгүй хүүхдэд тавих анхаарал нэмэгдсэний нэг сайн жишээ нь энэ юм. Гэвч бүрэн зохицуулж чадаж байна уу гэвэл үгүй. Одоогийн зохицуулалтаар нэг насанд хүрсэн хүн хэдэн хүүхэд хариуцаж авч явах хязгаарлалт байдаггүй нь эрсдэлтэй.

Хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс заавал хариуцаж авч явж чадах дээд тоог бодитоор заах ёстой. Хоёрдугаарт итгэмжлэлийн хугацаа бүтэн жил буюу хэт урт. Тухайн хүн хүүхдийг хилээр авч гарахад хариуцаж байгаа болохоос бүтэн жил хариуцах үүрэг хүлээхгүй. Олон удаа дагуулж явбал тухай бүр нь итгэмжлэл хийлгэх нь зөв.

Итгэмжлэх зөвхөн нэг удаагийнх байснаар хүүхэд илүү бодитой хамгаалагдах боломж бүрдэнэ. Мөн итгэмжлэл хийлгэхэд болон хүүхэдтэйгээ хамт зорчиж буй хүмүүст хүүхдийг орхих тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар хариуцлага тооцох талаар мэдээлэх хэрэгтэй.

БОЛСОН ЯВДАЛ №2: Ажил хийлгэнэ гэх нэрээр хүчээр
гэрлүүлэх гэж байжээ

“Анбауд Монгол” ТББ ковидын өмнө цагдаагийн байгууллагатай хамтран нэг хэрэг илрүүлжээ. Тэд ингэж ярьсан юм:

-Насанд хүрээгүй хоёр охин урд хөрш рүү явах гэж байв. Найзууд байсан. Энд нэг зоогийн газарт хамт ажилладаг байсан юм билээ. Хятад руу дагуулж явах санал тавьсан охин нөгөө найзынхаа замын зардлыг даасан. Хилээр гарангуут хятад хүн тэднийг тосох байв. Эдгээр мэдээллийг аваад бид шууд цагдаад мэдэгдсэн, охидыг хилээр гаргаагүй. Шалгасны дараа тэр охиныг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгох зорилготой, хүчээр гэрлүүлэх гэж байсан нь батлагдсан.

Энэ тохиолдлоос хэдхэн хоногийн дараа хил хаагдсан юм. Хэрэв тэр охин яваад, тэр чигээрээ үлдчихсэн бол яах байсан бол гэж одоо ч бодогддог. Эгчтэйгээ хоёулхнаа амьдардаг охин байсан. Бид хилийн боомтуудад ажиглалт хийхдээ сэжиг бүхий хүүхдүүд, насанд хүрэгчдийн аюулгүй байдлыг эхлээд хангадаг. Тэдэнд “Та хохирогч болох нь” гэж шууд хэлдэггүй.

МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ: Чиний очих цэг чиний бодож байсан
газар биш байж болно

“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах:

“Иргэд гадаадад ямар нэг аргаар очиж ажиллавал мөнгө их олно, Азийн орнуудад очиж үйлчилгээний газар ажил хийх боломжтой гэх найз нөхдийнхөө үгэнд итгэдэг. Хүн худалдаалах гэмт хэргийн онцлог нь хохирогчийг элсүүлэгч болгон ашиглаж, өөрөөр нь дараагийн хохирогчийг элсүүлдэг. Чамайг нутаг буцаая, өөр хэдэн хүн олоод авчир гэж тулгадаг. Ингээд өөрөө тухайн аймшигтай нөхцлөөс гарахын тулд үгэнд нь итгэж, хэл ам гаргахааргүй, таньдаг хүмүүс рүүгээ холбогддог.

Гэвч хэзээ ч бодит, үнэн байдлыг хэлэхгүй, ирүүлэхийн тулд хуурч мэхэлдэг. Харамсалтай нь очоод нөхцөл байдал өөрчлөгдөж, бусдын эрхшээл дарамт дор, албадан ажиллаж, мөлжигддөг. Тиймээс хилийн чанадад явах бол аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Чиний очих цэг чиний бодож байсан газар биш байж болно гэдгийг хамгийн нэгдүгээрт анхаараарай.

Нэгэнт гаднын орныг зорихоор шийдсэн бол аюулгүй байдлаа хангах бүх асуудлыг судалж, тогтоосон байх хэрэгтэй. Тухайн улсын хуулийг сайтар судалж, хэлийг нь сурч, ажиллах, суралцах байгууллагатайгаа өөрөө холбогдож, зохих гэрээг албан ёсоор байгуулж явбал та өөрийгөө хамгаалж чадна. Хүн бүрд энэ гэмт хэргээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ өртүүлэхгүй, урьдчилан сэргийлэх боломж бий”.

“Анбаунд Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруул “Хүн худалдаалах зорилготой гэмт хэрэгтнүүд ар гэрийн боломж тааруу, санхүүгийн хэрэгцээ их, өнчин, хөдөөнөөс хотод ирсэн, ээж аавтайгаа таарамж муу хүүхдүүдийг түлхүү онилдог. Гадаадад явахдаа чамд сайхан амлалт өгсөн хүмүүсийн үгс бодит уу гэдгийг сайтар судлах шаардлагатай. Зуучилж буй байгууллагаа мөн нягтлаарай. Өсвөр насны зарим хүүхэд бодлогогүйгээр, ээж аавдаа хэлэлгүй, гадагшаа явахаар шийддэг. Бүх хүнд сайхан амьдрах мөрөөдөл бий.

Гэмт этгээдүүд хүүхэд юу хүсэж байгааг мэдээд, түүнийг нь ашигладаг. Гадаадад сурах, гоё хувцас авах, найзтай болох, хэн нэгнээс анхаарал, халамж хүсдэг бол тэрийг нь биелүүлнэ, замын зардлыг чинь даая, паспорт гаргаж өгье, очихоор байр чинь бэлэн гэх мэтээр амладаг.

Энд ийм байдалтай байхаар очоод нэг сард олон сая төгрөгийн цалин авна гэж ятгадаг. Ийм амлалтууд ардаа ямар нэг аюул дагуулдаг тул сайн судлаарай.

БОЛСОН ЯВДАЛ №3: Улаанбаатарт ажилд оруулна гэсэн ч
бэлгийн мөлжлөгт оруулж байжээ

Дархан-Уул аймагт амьдардаг гэр бүлийн ээж нь өнгөрч, аав хүүхдүүдтэй үлджээ. Өсвөр насны охин, хүүтэйгээ гурвуулаа амьдрах болсон. Охинд найз нь Улаанбаатарт хүүхэд харах ажилд оруулах санал тавьсан байна. Охин нийслэлд ирээд эхэндээ аавтайгаa холбоо барьж байсан ч удалгүй сураг тасарчээ. Иймд аав нь нийслэлд амьдардаг найзаасаа тусламж гуйсан байна. Найз нь Өсвөр үеийнхний хөгжлийн төвд ирж, мэдээлэл өгчээ. Ингээд тус төвийнхөн зочид буудлуудад хайхад охиныг Баянзүрх дүүрэгт, хотын захын буудалд ажиллуулж байхад олсон байна.

МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ: Хохирогчдын 42 хувь нь дотоодод худалдагдаж,
бэлгийн мөлжлөгийн хохирогч болжээ

Энэ нь бэлгийн мөлжлөгийн бодит жишээ. Хүн худалдаалах гэмт хэргийн түгээмэл хэлбэрийн нэг нь бэлгийн мөлжлөг юм. Хүн худалдаалах гэмт хэргийг дотоодод ч үйлддэгийг дээрх үйл явдал нотолно. Дотоодод насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх тохиолдлууд бий. “Хүйсийн тэгш эрхийн төв”-аас эрүүл мэндийн, хуулийн гэх мэт тусламж үйлчилгээ авсан хохирогчдын 42 хувь нь дотоодод худалдагдаж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болжээ. Тэдний тал нь насанд хүрээгүй охид байжээ.

“Анбаунд Монгол” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруул: Орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу эсвэл хот дотор ч шилжилт хөдөлгөөн хийдэг. Ийм үед хүүхдүүд мэдээлэлгүйн улмаас заримдаа буруу сонголт хийж, хүн худалдаалах хэргийн хохирогч болох эрсдэлтэй.

2017-2022 онд шийдсэн хэргүүдээс харахад 13-хан настай хүүхэд энэ хэрэгт өртсөн нь маш харамсалтай. Шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн нийт хохирогчийн тал нь 17 хүртэл настай хүүхдүүд байсан. Шийдэгдээгүй хэргийн цаана хэдэн настай хүүхдүүд хохирч байгааг бид мэдэхгүй. Гэмт этгээдүүд хүүхдийн гэнэн, итгэмтгий занг ашигладаг.

БОЛСОН ЯВДАЛ №4: Таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь урт хугацааны бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаж байжээ

Таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг шалгасан байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг 2019 оны нэгдүгээр сарын 02-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жил, О.Дарханбаярт 8 жил, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛД ЭРЭГТЭЙ ХОХИРОГЧИЙГ
АЛБАН ЁСООР ОЛЖ ТОГТООГООГҮЙ

2023 оны хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсандбайршуулжээ. Тус тайланд “Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн. Иймд Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн.

Өмнөх тайлант үеийнхтэй харьцуулбал хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг дурдахуйц тооны хэргийг мөрдөн шалгаж, олон хүний наймаачдыг яллаж, яамд, олон улсын гол байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан, олон хохирогчийг эх оронд нь буцаан авчирсан" гэжээ.

АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хөв цөөрөм байгууллаа
Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хөв цөөрөм байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.