/2023.10.05/: 2023 оны аравдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1200 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийт гал түймрийн 517 буюу 43 хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдэл буюу асаасан, бүрэн унтраалгүй орхисон ил гал, тамхи, чүдэнзний галаас үүдсэн байна.
Та бүхний хайхрамжгүй хандсан тохиолдол бүрт эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө эрсдэлд орж байдаг. Энэ оны 10 сарын байдлаар нийслэлд гал түймрийн улмаас 20 иргэн эрүүл мэндээрээ хохирч, 18 иргэн харамсалтайгаар нас барсан байна.
Мөн 4 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан харамсалтай тоо мэдээ гарчээ. Иргэд та бүхэн сонор сэрэмжээ нэмэгдүүлж, болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.