/2023.09.26/: Цахим орчинд лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нэрээр олонд танигдсан Хөх хотод суух консул асан Д.Мөнх-Эрдэнийн эхнэр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ.
Шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулын дипломат албан тушаалд ажиллаж байх үедээ Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсад их хэмжээний хохирол учруулсан мөн хохирогч С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, төрийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдад хахууль өгсөн зэрэг хэргүүдэд буруутай гэж үзэн 1 жил 10 сараар хорих ял оноосон.
Түүний эхнэр Д.Баянжаргал нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандаж мэдэгдэл хийсэн байна.
Тэрээр өөрийн нөхрийг хилсээр харъяаллын бус шоронд хоригдож байгаа, мөн тухайн 413-р хорих ангийн дарга А.Батхуяг гэгч нь өөрийг нь дарамталсан талаар мэдээлсэн байна.
Мөн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг хууль бусаар бүлэглэж нөхөрт нь ял өгсөн гээд шоронгоос суллахыг гуйжээ.
Энэхүү шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд ирэх 11 дүгээр сараас эхлэн төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлахаа мөн мэдэгдсэн байна.
Тэрээр хэрэв нөхрийг нь суллавал дахиж цахим орчинд лайв /шууд дамжуулалт/ хийлгэхгүй гэдгээ амлажээ.