/2023.09.26/: Украины өмнөд хэсгийн Одесса муж дахь боомтын дэд бүтэц нэг шөнийн дотор Оросын дайралтад өртөж, хоёр хүн шархадсан гэж Украины албаныхан өчигдөр мэдэгдлээ.
Украйны албаныхан мөн ойролцоох Херсон муж их хэмжээний дайралтад өртсөн гэж мэдээлэв.
Украинд болж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Оросын Одесса руу хийсэн довтолгоо: Орос дуунаас хурдан хоёр Оникс пуужин, 12 Калибр далавчит пуужин, 19 Шахед нисгэгчгүй онгоцоор Одесса боомт хот руу довтолсны улмаас "их хэмжээний хохирол амссан" гэж Украины албаны хүмүүс мэдэгдэв. Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээр нуран унасны дараа Орос улс сүүлийн саруудад Одесса руу удаа дараа халдаж, Украины үр тарианы дэд бүтцийг онилж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Одессад болсон халдлагын талаарх асуултад хариулахаас татгалзлаа.
Херсон хотод амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байна: Даваа гарагт Украины Херсон муж руу оросууд довтолсны улмаас зургаан хүн амь үрэгдсэн гэж Херсон мужийн цэргийн захиргааны дарга Александр Прокудин мэдэгдэв. Украины өмнөд хэсгийн Берислав хотод даваа гарагт Оросын цэргүүд дөрвөн бөмбөг хаясны улмаас амиа алдсан хүмүүсийн дунд 73 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй байсан гэж Украины албаны хүн мэдэгдэв. Өнгөрсөн ням гарагт тус бүс нутагт үргэлжилсэн халдлага болж, энгийн иргэд эндсэн байна. Өнгөрсөн хоногт Оросын арми Херсон муж руу 87 удаа дайралт хийсэн гэж Прокудин олон нийтийн сүлжээнд мэдэгдэв.
Украины дайралт: Украины нисгэгчгүй онгоцууд Оросын Брянск, Курскийн хилийн бүс нутгийг онилж, Крымд цохилт өгсөн гэж Оросын албаны хүмүүс даваа гарагт мэдэгдэв. Уг довтолгоонд хүний амь нас хохироогүй гэж албаныхан мэдэгдэв. Энэ халдлага нь Киев өнгөрсөн баасан гарагт Оросын Хар тэнгисийн төв байрыг онилсон хамгийн амбицтай халдлагуудынхаа нэгийг эхлүүлсний дараа болсон юм. Даваа гарагт Курск мужид Украины нисгэгчгүй онгоц дөрвөн удаа, Белгород мужид долоон нисгэгчгүй онгоц дайрсныг ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн устгасан гэж албаныхан мэдэгдлээ. Оросын арми Севастополь хотын дээгүүр өнгөрсөн пуужингийн довтолгоог мөн зогсоосон гэж Батлан хамгаалах яам мэдээлэв.
Оросын Хар тэнгисийн флотын командлагч амь үрэгдлээ:
Баасан гарагт Севастополь хотод Украины дайралтаар Оросын Хар тэнгисийн флотын командлагч администратор Виктор Соколов амь үрэгдсэн гэж Украин мэдэгдэв. Тэрээр амь үрэгдсэн 34 офицерын дотор байсан гэж Украины тусгай ажиллагааны хүчнийхэн даваа гарагт мэдээлсэн бөгөөд Оросын бусад 100 гаруй цэргийн албан хаагч шархадсан байна. CNN Украины мэдэгдлийг баталж чадахгүй байгаа бөгөөд тайлбар авахаар Оросын Батлан хамгаалах яаманд хандсан байна.
АНУ-ын "Абрамс" танкууд Украинд ирлээ:
АНУ-аас хандивласан танкууд Украинд байгаа бөгөөд "манай бригадыг бэхжүүлэхээр бэлтгэж байна" гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт мэдэгдэв. Мөн өдрийн орой Пентагон "Абрамс" маркийн 31 танк багтсан эхний багц Украинд очсоныг баталжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч хошууч Чарли Диц даваа гарагт хэлэхдээ, "Абрамс танкуудыг зэвсэглэлдээ авснаар Украины арми түрэмгийллийн үйлдлээс илүү үр дүнтэйгээр сэргийлж чадна" гэж даваа гарагт мэдэгдэв.
Эх сурвалж: CNN