/2023.09.22/: Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Бронкс дахь өдөр өнжүүлэх төвд фентанил зэрэг мансууруулах бодис агуулсан нууц жижиг зоорийг илрүүлсэн байна.
Уг газарт 1 настай хүү фентанил гэх мансууруулах бодисд хордсоны улмаас амиа алдсан хэрэг 14-ний өдөр гарсан гэж Нью-Йоркийн цагдаагийн газраас пүрэв гарагт мэдэгдэв.
Эрх баригчид тус байгууламжид нэгжлэг хийх зөвшөөрөл авсны дараа хар тамхийг уг төвийн тоглоомын талбайн доороос олсон гэж Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдэгдэв. Хууль сахиулагчийн хэлснээр хар тамхи нь ойролцоогоор 8-10 кг жинтэй бөгөөд тоосгон хэлбэрээр ороосон байжээ.
Цагдаа нар өөр хар тамхи илрүүлсэн гэж мэдэгдээд байгаа ч ямар төрлийн хар тамхи, мөн хар тамхины хэрэгсэл байсныг тодорхой заагаагүй байна.
Бронкс дүүргийн прокурор Дарсел Кларкийн хэлснээр есдүгээр сарын 15-нд болсон фентанил бодис хэрэглэсний улмаас амиа алдсан хүүхдийн хэрэгт сэжиглэгдэж буй 36 настай Грей Мендес, 41 настай Карлисто Асеведо Брито нарыг Нью Йорк хотын тангарагтны шүүх пүрэв гарагт яллахаар шийдвэрлэсэн байна.
Нэг настай Николас Доминичи өнгөрсөн долоо хоногт Divino Niño өдөр өнжүүлэх төвд фентанилд хордсоны улмаас нас баржээ.
Мөн өөр гурван хүүхэд буюу 2 настай хоёр хүү, 8 сартай охин фентанил хэмээх сэжигтэй бодисоор хордсоны дараа эмнэлэгт хүргэгдэж, опиоидын цочмог хордлого авсан юм.
Мөрдөн байцаагчид өдөр өнжүүлэх төвд хүүхдүүд унтдаг байсан газраас нэг кг фентанил илрүүлсэн гэж мэдэгджээ.
Кларк пүрэв гарагт хэлэхдээ, "Илүү олон нотлох баримт олдсоноос харахад энэ хэрэг зөвхөн өдөр өнжүүлэхээр дуусахгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн" гэв.
Нью-Йоркийн өмнөд дүүргийн АНУ-ын өмгөөлөгч Дэмиан Уильямсын хэлснээр Мендес, Брито нар бусад хамтрагчдын хамтаар өдөр өнжүүлэх байрнаас фентанил түгээх бизнес эрхэлдэг байжээ.
Мөрдөн байцаагчид Мендезын нөхөр байж болзошгүй гурав дахь эрэгтэй сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN