/2023.09.22/: Өчигдөр согтуу эмэгтэй гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсний улмаас нэг хүүхэд нь газар дээрээ нас барж, нөгөө хүүхэд нь ГССҮТ-д хүргэгдлээ гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж иргэдийн уур бухимдлыг хүргээд байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрчихлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Харин уг зам тээврийн осол гаргасан жолооч нь эрүүл 26 настай эрэгтэй байжээ.
Эх сурвалжийн хэлснээр, нэгэн эмэгтэй осолд орсон хүүхдүүдэд анхан шатны тусламж үзүүлж байсныг иргэд буруугаар ойлгон ийнхүү цахим орчинд нийтэлсэн гэв.