/2023.08.31/: Өнгөрсөн сард хэд хэдэн томоохон үер болж ихээхэн хохирол учруулсан.
Уг үерийн улмаас хохирол учирсан шалтгааныг олж тогтоох явцад хэд хэдэн ААН, байгууллага хууль зөрчин үерийн далан хааж, шахаж барьсан барилга, байгууламжийн улмаас хохирол учирсан, цаашид учруулах магадлалтай гэж гарсан.
Үүний нэг барилга болох ХУД-ийн 3-р хороонд үерийн далан сувгийн хамгаалалтын газарт хууль бусаар барьсан Шунхлай группийн шатахуун түгээх станц бөгөөд энэхүү барилгыг буулгах шийдвэр гарсан.
Тэгвэл энэхүү буулгах шийдвэрийг танилцуулж захирамжийг гардууллаа.
Иймд нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт ХУД-ын 3, 15-р хороо, СБД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эм энд Жи констракшн, Шунхлай групп болон иргэн Батзориг нарт газар эзэмших гэрчилгээ олгож барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг хүссэн бичиг илгээжээ.
Эдгээр компаниуд өөрсдийн гэсэн хуулийн багтай. Энд барилга барьж болохгүйг мэдсээр байж барьсан тул арга хэмжээ авах ёстой. Саяхны болсон үер усны аюулаас гадна газар хөдлөлтийн аюул ч гэсэн байгаа тул бид сургамж авч урьдчилан сэргийлж ажиллах ёстой гэв.