/2023.08.31/: Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ оны гуравдугаар сард Катар улсад айлчилж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан билээ.
Энэ үеэр Катар Улсын Тээврийн сайд, "Qatar airways" компаний удирдлагатай уулзаж хоёр талын хооронд шууд нислэг нээх, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тус компанид ажиллуулах талаар яриа хэлэлцээр хийсэн юм.
Айлчлалын үр дүнг бодит ажил хэрэг тал дээр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа элчин сайд П.Сэргэлэн идэвхитэй ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг Катарын талаас хэрэгжүүлэхээр болжээ.
"МИАТ" ТӨХК-ний БОИНГ-787-9 онгоцны нисгэгч, инженер техникийн ажилтнууд болон агаарын хөлгийн үйлчлэгч нарыг "Qatar airways" компани дээр сургаж, дадлагажуулахаар боллоо.
Уулзалтын үеэр яригдсан Монгол - Катарын хооронд шууд нислэг нээх судалгааны ажлыг Катарын тал эхлүүлсэн. Богино хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Уг ажлын хүрээнд "Qatar Airways" компани Монгол Улсаас агаарын хөлгийн үйлчлэгч 50-г шалгаруулж авна.
Тус компанид онгоцны үйлчлэгчээр ажиллах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт өнөөдрөөс зарлагдсан бөгөөд есдүгээр сарын 13-ын хүртэл хугацаанд бүртгэх юм.
Сонирхож буй залуучууд дараах линкээр орж онлайн бүртгэл хийлгээрэй https://careers.qatarairways.com/.../Cabin-Crew...
Бүртгэлийн хугацаа дууссаны дараа тус компаний мэргэжилтнүүд Монгол Улсад хүрэлцэн ирж сонгон шалгаруулалтыг явуулах юм.
Эх сурвалж: ЗТХЯ