/2023.08.28/: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Олон улсын атомын энергийн агентлагийн Ази, Номхон далайн бүсийн Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Гашау Гебеиху тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээж авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр болон холбогдох газрын дарга нар, ОУАЭА-ий Ази, Номхон далайн бүсийн Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Дэнис Субботницкий, улс орнуудын түншлэл хариуцсан нэгжийн дарга Анне Кэтрин Старз нарын албаныхан БНСУ-ын КИРАМС хүрээлэнгийн мэргэжилтнүүд оролцов.
Олон улсын атомын энергийн агентлаг Монгол Улсад хавдрын өвчлөлийн тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах “Итгэл найдварын туяа” төслийг 2024-2027 онд хэрэгжүүлж дэлхийн анагаах ухааны салбарт өргөн хэрэглэж байгаа цөмийн технологийн шинэлэг арга, аргачлалыг нэвтрүүлж, хорт хавдрын өвчлөлийг эрт оношилж, эмчилж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.
Тус агентлагийн Ази, Номхон далайн бүсийн Техникийн хамтын ажиллагааны хорооны даргаар ахлуулсан баг Монголд долоо хоног ажиллаж, төсөл хэрэгжих Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт ашиглаж буй цөмийн оношлогоо, шинжилгээ, эмчилгээний үйл явцтай танилцаж, ирэх оноос хэрэгжүүлэх төслийн хүрээнд юу хийхээ тодорхойлох уулзалтуудыг зохион байгуулсан байна.
Ноён Гашау Гебеиху энэ тухайгаа Эрүүл мэндийн сайдад нэлээд дэлгэрэнгүй танилцуулж цаашид илүүтэй анхаарал хандуулж ажиллах шаардлагатай тодорхой чиглэлүүдээр санал солилцсон.
С.Чинзориг сайд манай улсад хавдрын өвчлөл сүүлийн 20 жилийн хугацаанд нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, 2022 оны байдлаар таван нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байгаа энэ үед хавдрын өвчлөлийн тусламж, үйлчилгээний менежментийг сайжруулах “Итгэл найдварын туяа” төслийг ОУАЭА-аас хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлж бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог бөгөөд хавдрын шинэ тохиолдлын 74.3 хувь нь хожуу үе шатанд оношлогдож байгаа харамсалтай үзүүлэлт байгаа. Ийм нөхцөлд цацрагийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг багасгахын тулд Монгол Улсад цөмийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийн хүрэлцээг нэмж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, цацрагийн аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай байна” гээд хавдрын эмчилгээний үйлчилгээний хүртээмж бага, хүлээгдэл ихтэй, үндэсний хэмжээнд ганцхан Хавдрын төв байгаа нь хангалтгүй байгаа тул Засгийн газраас ХСҮТ-2-ыг барихыг дэмжиж газрын асуудлыг шийдсэн төдийгүй барилгын зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулсан талаар мэдээлэл өгч “Итгэл найдварын туяа” төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд Хавдрын шинэ төвтэй болоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар 700 орчим өвчтөн цацраг туяа эмчилгээ хийлгэсэн нь шинээр оношлогдсон хорт хавдрын тохиолдлын дөнгөж 13 хувийг эзэлж байгаа тул оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэх шаардлагатай.
Хавдар үүссэний дараа бус эхэн үед нь илрүүлж эмчлэх, голомтот эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой SPECT/CT, PET/CT аппаратыг олон улсад өргөн хэрэглэж байгаа. Гэтэл манай улсад ганцхан SPECT/CT аппарат байгаа нь өвчний явц, байршлыг оношлоход хүртээмж хангалтгүй байгаа бөгөөд ялангуяа хорт хавдрын үсэрхийллийн шинжилгээ хийлгэхээр сар бүр 200 орчим өвчтөн хүлээж байгааг сайд хэлсэн.
Түүнчлэн хорт хавдартай өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд эрхтнийг хадгалах мэс засал, нөхөн сэргээх мэс заслын стратеги боловсруулах, хорт хавдрын зорилтот эмчилгээнд анхаарлаа хандуулах, цацрагийн аюулгүй байдлыг хангах, радиоидэвхит эм зөөвөрлөх, хадгалах, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахад техникийн туслалцаа, арга зүйн зөвлөгөө дэмжлэг хэрэгтэйгээс гадна цацрагийн ослын үед яаралтай тусламж үзүүлэх нэгжийг УХТЭ, ХСҮТ-д байгуулах шаардлагатай байгааг анхаарч төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналтай байгаагаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.
Олон улсын атомын энергийн агентлаг, БНСУ-ын КИРАМС хүрээлэн хамтран “Нэг ч орныг орхигдуулахгүй” гэсэн уриатайгаар улс орнуудад хэрэгжүүлж буй “Итгэл найдварын туяа” төслийн хүрээнд Монгол Улсын цөмийн оношилгоо, эмчилгээний салбарт SPECT/CT, гамма туяаны аппарат, денситометр, TH-45-ын гамма камер, агааржуулалтын сцинтиграфийн аэрозолийн төхөөрөмж зэрэг өндөр технологи бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх, цацрагийн ослын үед яаралтай тусламж үзүүлэх нэгжийг ХСҮТ, УХТЭ-т байгуулах, Хавдар судлалын үндэсний төвийн шинэ барилга, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллах боломжтой гэж байв.
Түүнээс гадна Монгол Улсад нэн шаардлагатай цөмийн оношилгоо, эмчилгээний эмч, мэргэжилтэн, анагаах ухааны физикч нарыг сургаж, чадавхижуулахад туслана гэдгийг ноён Гашау Гебеиху болон төслийн багийнхан илэрхийлээд төсөл хэрэгжихийг хүлээхгүйгээр буюу энэ онд багтаад Монгол Улсад нэн шаардлагатай байгаа SPECT/CT аппарат нэгийг нийлүүлэх боломжтой гэлээ.
Энэхүү SPECT/CT аппаратаар хавдар, зүрх судас, бамбай булчирхай, түрүү булчирхай, бөөрний өвчний үйл ажиллагаа болон байршил, хорт хавдрын үсэрхийллийг эрт үед нь оношилж, цацраг идэвхит эмчилгээг хянана. Хяналтаар бүтэн биеийн зураг авдаг давуу талтай юм байна.
“Итгэл найдварын туяа” төслийг хэрэгжүүлэх ажил 2024 оны нэгдүгээр сараас эхэлнэ.