/2023.08.28/: “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг нээж ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Хөвсгөл аймгийн засаг дарга П.Лхагважав, БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын дарга Н.Баатарцогт нар үг хэллээ.
Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын мэргэжилтнүүд, орон нутгийн захиргаа, аж ахуй нэгжүүд, нутгийн иргэдийг нэг дор цуглуулж тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах нь" сэдэвт сургалт хэлэлцүүлэгт 100 гаруй хүн оролцож байна.
Энэ удаагийн сургалтыг “Нэг удаагийн хэрэглээнээс татгалзъя” уриатай зохион байгуулж, хог хаягдлаа газар дээр ангилан ялгаж, нэг удаагийн аяга, таваг бусад хэрэглэлгүй, савласан ус, ундаа, тараах материалгүй зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Сургалтад хамрагдаж буй 100 гаруй хүн өдрийн 3 удаагийн хэрэглээгээр тооцоход багадаа 1000 гаруй хуванцар сав бусад нэг удаагийн хог хаягдал үүсэхээс сэргийлж байгаа юм.
ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Япон, Хятад, Филиппин, Индонези зэрэг улсын төлөөллүүд сургалтын 3 өдөрт өөрсдийн улсын тэргүүн туршлагаас хуваалцана.
Хэлэлцүүлгээр
- Хөвсгөлийн БЦГ-ын хадгалалт хамгаалалтыг сайжруулах,
- хог хаягдлын менежмент болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах,
- ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийг танилцуулах,
- аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтвортой байдлаар төлөвлөх, зохицуулах болон байгальд ээлтэй дэд бүтэц, барилга байгууламж, орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,
- мал аж ахуй, аялал жуулчлалын үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит арга барилуудыг танилцуулах,
- орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахад зоригжуулж, зохих сэдлүүдийг өгөх юм.
Эх сурвалж: БОАЖЯ