/2023.8.28/ Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Энэ өдөртэй холбогдуулан тус намд саяхан гишүүнээр элссэн Ц.Уянгатай ярилцлаа.
АН-ын дүрэм нь МАН-ыг тэр чигт нь хуулчихаж. Ийм байхад
яаж МАН-ыг ялах юм бэ?
-Ардчиллын суурь зарчмууд гажуудаж, улаан цаймдаа гарлаа гэж ярьсан. Юун дээрээс ийм жишээ ажиглагдав?
-Манай улсын Үндсэн хууль бол сайн хууль. Жишээ нь, хүний эрх, эрх чөлөөний талаар маш ойлгомжтой зааж өгсөн. Гэтэл салбар хуулиуд нь Үндсэн хуулийнхаа зарчмаас гажуудчихсан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх гэтэл Үндсэн хуульд биш салбар хуулиудад нь тохируулж айдастай, хумигдмал байдлаар хандахаас аргагүйд хүрч байна. Бизнесийн эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ч бодит байдал дээр хэрэгждэггүй.
Жагсаал цуглааны тухай хууль нь иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсах үед тэдгээрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, төрийн байгууллагууд яаж уялдаатай ажиллах вэ гэдэг тухай биш, харин “Иргэдийг хэрхэн жагсаал хийлгэхгүй байх вэ” гэдэг дээр л анхаарсан. Гэх мэтээр Үндсэн хуульд заасан заалтууд нь бодит амьдрал дээр биеллээ олдоггүй гээд үзвэл манай улс дүр эсгэсэн ардчилалтай.
-Тэгээд энэ бүхнийхээ хамтрагч болсон Ардчилсан намд орсон нь зөв алхам байсан гэж үү?
-Улс төрд жин дарж байгаа улс төрийн хүчин гэвэл АН, МАН хоёр л байна. Бусад нь дайвар. МАН хуучин системийн нэг намын ноёрхлын бүтцээрээ хүчтэй явсаар ирсэн. Тэд юуг ч шинээр хийгээгүй, ажиллагааны зэмсгүүд нь бэлэн байлаа. АН бол шинээр нам байгуулах гэж хэсэг үзлээ, эвсэл болох гэж олуулаа нэгдэж ч үзлээ. Үзэл санаа гэдгээсээ илүүтэй яаж улс төрийн хүчин болох вэ гэдэгт илүү анхаарсаар өнөөдрийг хүрчихэж. Гэлээ ч 30 жилийн хугацаанд улс төрийн нэг хүчин болж чадсан уу, гэвэл чадсан. Тийм байтал бид өнөөдөр шинээр нам байгуулаад, хүмүүст таалагдана гэвэл дахиад 30, 40 жил хүлээх шаардлагатай. Улс төрийн нам гэдэг тийм цэвэр ариун зам мөрийг туулдаггүй. Алдаа оноо гарна, эрх ашгийн эсвэл бодлогын түвшинд үзэл баримтлалын зөрчлүүд үүсдэг гэх мэт давах ёстой үйл явц бий.
Ардчилсан нам өнөөдөр ардчилсан байтугай тэнэг зүйлс хийгээд явж байгаа ч ардчилал гэдэг үнэт зүйлээ ойлгоод, хэдхэн жилийн өмнө баруун төвт гэдгээ зарласан. Тиймээс над шиг баруун төвийн үзлийг дэмждэг хүн МАН-д орохгүй нь ойлгомжтой.
Миний дэмжиж байгаа тал эрх чөлөөг олгох тусам иргэд боломжоор хангагдана гэж үздэг байхад, зүүн төвт үзэл болохоор бүгдийг нь төрд төвлөрүүлж байгаад эрх тэгш хуваарилна гэдэг зарчимтай.
-ХҮН нам байгуулагдахад оролцож байсан санагдаад байх юм?
-2014 оноос клубууд байгуулж, залуусыг нэгтгэж байсан. Тэр үед улс төрийн зохион байгуулалтад орох ёстой юм байна гэж үзээд, нам байгуулалцаж байлаа. Өнөөдрийн хувьд энэ нам нийгмийн шаардлагаар амжилт олсон боловч, намын институцийн хувьд амжилт олоогүй л байна.
Манлайлагчид нь дандаа зүүний чиг баримжаатай үзэл санаа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Сайн эсвэл муудаа биш, яг л туулах ёстой замналаа л туулж байгаа гэсэн үг. АН-тай адил.
АН-ыг туулсан 30 жил, эзэлсэн байр суурийг нь бодвол одоо хүчирхэгжүүлэх, улс төрд үүсээд байгаа хэт тэгш бус байдлыг сааруулах нэг хүч болгож ашиглах зайлшгүй, түүхэн шаардлага ирчихээд байна. Үүний тулд гаднаас нь шүүмжлээд байх биш харин дотор нь орж чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, өөрчлөхийн тулд алхам хийх ёстой гэж үзсэн. Ардчилсан нам мөн юм бол манлайллын чөлөөт өрсөлдөөн явуулах шаардлагатай.
-За тэгээд АН-д орлоо. Гэтэл ямар байх юм? Өөрчлөгдөж чадахаар байна уу, энэ нам?
-Миний хувьд тодорхой зорилго, амбиц, төлөвлөлттэй орлоо. Дүрмийг нь уншиж судлаад үзтэл А, Б-гүй МАН-аас хуулчихаж. Намын үүр, хорооноосоо эхлээд л дарга хүртлээ, дээр нь санхүү, зохион байгуулалт ер нь бүгд адил. Ийм байхад яаж МАН-ыг ялах юм бэ. Яг адилхан хоёр нам үзэлцээд байвал аль хүчтэйг нь л сонгоно шүү дээ, энэ чинь сонгогчдын буруу биш. Нийгэм солигдоход бидэнд туршлага байгаагүй учир МАХН-ыг дуурайчихсан юм болов уу. Явцын дунд харин шинэчилсэн зүйл огт алга. Тиймээс одоо бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй болж.
Бүгдийг нь өөрчлөхийн тулд бүр дата бааз, мэдээллийн суурь үүсгэхээс л эхлэх хэрэгтэй биз дээ. Гэтэл гишүүдийн бүртгэл, мэдээлэл ч алга. Захиргааны залгамж халаа байхгүй, ийм ажил ч олигтой хийгдээгүй. Нэг дарга гарч ирээд хийх гэж үзээд буухдаа аваад явчихдаг, эсвэл нэг нь хулгайлаад явчихдаг.
Сонгууль болохоор өөрт байгаа датагаараа “Надад ийм хүч байна” гэж шантааж тавьж, наймаалцдаг ч юм уу, ийм буруу байдлаар өнөөдрийг хүрчихэж. Нэг том жишээ нь Ардчилсан холбоо байх. Гэхдээ яахав, муу ч сайн ч өнөөдрийг хүртэл сонгуулиудад оролцож байсан нам болохоор энд тэндээс цуглуулвал дата бүрдэх л байх. Одоо тэгэхээр датагаа бүрдүүлээд, шинээр бүртгэл явуулаад, дата анализ хийх гэх мэтээр хүн суугаад ажил хийх асуудал л байна. Босоод гүйгээд байвал ажил явахгүй биз дээ. Бүтцийн хувьд шал өөр болох ёстой юм байна.
-Өнөөдөр АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулна гэдэг шийдвэрийг өнгөрөгч долоо хоногт танилцуулсан. Дүрмээрээ ҮБХ нь УИХ-ын 76 гишүүний тоог 4-өөр үржүүлсэнтэй тэнцэх гишүүдтэй байна. Одоо 304 гэсэн үг. Гэтэл шинэ Үндсэн хуулиар УИХ-ын гишүүний тоо 126 болсон. Энэ тохиолдолд АН-ын ҮБХ-ны гишүүний тоо 504 болох ёстой. Гэтэл УИХ-ын гишүүдийн тодорхой хувь нь жагсаалтаар сонгогдох юм бол, ҮБХ-ны гишүүдийн зарим нь бас жагсаалтынх байх ёстой гэдэг маргаан үүсээд байгаа юм билээ. Ер нь ҮБХ-ны хурлаар ямар шийд гараасай гэж хүсэж байна?
-Би бол үнэндээ сайн мэдэхгүй. Чамаас ялгаатай нь би “АН-ын гишүүн” гэсэн батлахтай л хүн байна. “Шийдвэр гаргалтад яаж оролцох юм бэ” гэтэл “Энэ чинь дүрэмтэй. Чи амьдарч байгаа дүүргийнхээ намын анхан шатны үүрт ажиллаад, тэндээсээ сонгогдоод, нэр дэвшээд...” гэнэ ээ. Карьер хөгжлийн хувьд энэ зөв байх.
Гэтэл бүтцийн хувьд харахаар “Би намдаа 20, 30 жил ажиллаж байгаа” гэчихсэн хэдэн эмээ, өвөө нар үүрт нь суучихсан, яаж процесс явагдах нь тодорхойгүй, хамаатан садан, найз нөхдөөрөө сүлжилдчихсэн.
Зарчмын хувьд энэ ерөөсөө манлайллын өрсөлдөөн биш юм байна. Залуучууд нь ардчилалд итгээд орсон ч сүүлдээ ах нараасаа ялгаагүй болчихлоо гээд байгаа нь ч аргагүй юм. Нэг бол ялгаварлахгүй байх зарчмаасаа ухарч “Хөгшчүүд зайл” гэж орилоод, эс бол нэг ахын цүнхийг барьж яваад албан тушаал авдаг. Ингэхээр гаднаасаа АН зодоонтой, хагаралтай болж харагддаг. Энэ уг нь зодолдоод байх биш зүгээр бүтцээ сайжруулах л асуудал. Бүтцээ гаргахын тулд датагаа гаргахаас ажил нь эхэлнэ.
Асуудлаа тогоондоо ярьмаар байвч, тогоон дотор маань
"өөр хүмүүс" орж ирээд суучихсан
-Өөрөө “Хоёр хөрш манай улсын дотоод асуудалд оролцдог” гэж ярьдаг. Ерөнхий сайд саяхан гадны хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр хөрш маань манай асуудалд хүндэтгэлтэй ханддаг” гэсэн шүү дээ. Асуудалд оролцож байна гэж үзвэл яаж?
-Аль нэг улсад “зодуулж” байгаагаа гадагш нь гаргаж хэлж болохгүй, тэгвэл бүр баларна биз дээ. Гэхдээ манай улс дээрэлхүүлээд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Түүхээ эргээд харъя. ЗХУ өөрчлөлтийн үед өөрсдийнхөө дотоод асуудлаа ч дийлэхээ байсан тул бүрэлдэхүүнээсээ улс орнуудыг хассан. Манай улсын хувьд ардчилсан тогтолцоонд шилжих явцад Европын улс орнууд туслалцаа үзүүлж, үндсэндээ бол Япон улс манайхыг даасан байдаг. Ингээд Орос манайхыг манатай байх үед нь бид дуртай улс орондоо аялдаг болоод, гуравдагч хөршийн бодлого яриад, ардчилсан улс болж өөрсдийн дураар мандахгүй юу. Ингээд уул уурхай цэцэглэж эхлэх үеэс манайхыг анхаарч эхэлсэн. С.Баяр ОХУ-д Элчин сайд хийж байх үедээ ажлаа маш сайн хийсэн, Монголынхоо асуудлыг ч задруулсан гэж хардаг (Сурв: С.Баяр нь 2001-2005 оны хооронд Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажилласан). Би сайн мэдэхгүй, гэхдээ тухайн үед суусан Элчин сайд ирэнгүүтээ шууд Ерөнхий сайд хийсэн (Сурв: С.Баяр нь 2007-2009 оны хооронд Ерөнхий сайдын албыг хашсан). Тэр үе чинь Н.Энхбаяр хаан байлаа.
С.Баярыг Ерөнхий сайд болгохын тулд Оросын сонгуулийн үйл ажиллагаанд оролцох технологи анх нэвтэрсэн гэж хардаг (Сурв: 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАХН ялалт байгуулж, 2008 оны 9 сарын 11-нд С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон).
Хан ресорс, Тавантолгой, төмөр зам гээд тухайн үедээ хийгдэх гээд хүлээгдэж байсан төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг харчихсан л байгаа шүү дээ. Ард иргэд тэнэг биш болохоор улаан цаймдаа гарлаа гэж дургүйцэж, боссоныг мэдэж байгаа. Органикаараа үүссэн жагсаал дээр АН хүмүүсийг турхирсан, МАХН бас муухай харагдуулах бүхнийг хийсэн. Дараа нь С.Баяр буцаад Оросын саварт орчих вий гэж бодсон ч юм уу, эсвэл олон улсын шахалтад ороод хэцүүднэ гэж бодсон ч юм уу, эвслийн Засгийн газар байгуулж, том төслүүдийн эхний гарааг хийе гэж ажилласан байх. Бүлэглэлүүд дээр байсан том Таван толгойг төрийн мэдэлд авч, Оюутолгойн гэрээг “хүчээр” шахам зурсан нь С.Баярын гавъяа. Тэгчихээд шууд өвчтэй болоод яваад өгсөн шүү дээ.
Дараа нь Х.Баттулга гэх хүний “тоглолт” эхэлсэн. Хэвлэл мэдээллийн салбарт томоохон байр суурь эзэлж, тархи угаалтыг эхлүүлсэн. Тэгсээр байгаад Х.Баттулга гэх бэлтгэгдсэн “юу ч юм” ороод ирлээ. Өөрөө ч шуналтай, ичгүүргүй юм. Ичгүүргүйгээр төрийн албан тушаалыг булаацалддаг нь тэр үеэс эхэлсэн шүү.
-Тэгэхээр оросын технологи 2008 оны сонгуулиас эхэлж нэвтэрсэн гэж үзэж байна уу?
-Зөвхөн сонгууль биш, тэд эрх ашгаа тавьсан, нөлөөллийн бүсээ бий болгож эдийн засгийг хянаж эхэлсэн. Алс Дорнод буюу оросын хойд хэсэг нь манайхтай л адил нүүрс нийлүүлдэг. Тэгэхээр Таван толгой ажиллаад, Мянганы сорилын сангаар төмөр зам тавигдаад, Энержи Ресурс тусдаа Гашуун сухайтын шууд төмөр зам тавьчихвал өрсөлдөөнд Орос хэцүүднэ гэдгээ мэдэж, хэдэн жилийн дараа зах зээлээ алдах юм байна гэдгээ харчихсан байсан биз. Тийм учир байж болох бүхий л замаар зогсоож, гацааж, тэр хооронд өөрсдийн дэд бүтцүүдээ хийгээд хөгжүүлчихсэн. Харин бид энэ 16 жилийн хугацаанд “Жинхэнэ монгол, хуурамч монгол” гэж хэрэлдээд боломжуудаа алдсан. Эдийн засаг бол цаг хугацаатай шууд хамааралтай эд шүү дээ.
-Ярианы эхэнд “Зодуулж байгаагаа гадагш нь хэлж болохгүй” гэсэн. Гэтэл та бүхэн олон улсын байгууллагуудад хүний эрхийн зөрчлийн кэйсүүдээр тайлан гаргаж илгээсэн. Яагаад олон улсын байгууллагуудад ийм зүйл явуулдаг юм гэж шүүмжлэх хүмүүс их байсан. Яагаад?
-Мянганы сорилын сангийн төсөл яг хэрэгжих гэж байтал Якунин яаралтай айлчлаад хулганы хавх яриад манай улсыг айлгаж сүрдүүлээд явчихсан (Сурв: “Оросын төмөр замууд” нэгдлийн ерөнхийлөгч В.Якунин 2013 оны тавдугаар сард манай улсад айлчилсан). Дахиад төмөр зам барих гэтэл В.Путиний айлчлал хийгдэж, хэн эзэн нь гэдгээ харуулчихаад яваад өгч байгаа юм. Гэтэл өнгөрөгч Европын улс орнуудын Элчин сайд нар нэгдэж анх удаа хэвлэлийн хурал хийгээд, Монгол Улсыг юутай ч эрчим хүчний хараат байдлаас гаргах дээр бид санал нэгдлээ гэдгээ илэрхийлсэн. Тэгэнгүүт долдугаар сард нь Лавров айлчилж ирээд хийн хоолой тавина гэж “галзуу” юм яриад явсан. Энэ бүхнээс харвал Орос манайхыг дарлаж байгаа нь харагдаж байгаа биз?
МАН хэчнээн муухай байлаа ч ардчиллаа алдахыг хүсэхгүй байна. Гэхдээ тэд С.Баяр шиг ухаан гаргаж чадахгүй, шууд зодолдъё гэхээр бас чадахгүй. Х.Баттулга гэдэг хүн оросын технологиор улс төрд гарч ирээд, хамгийн сүүлд Ерөнхийлөгч болоод буухдаа Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нартай ярьж тохироод явж. Би эднийг нэг баг л гэж хардаг.
Гэхдээ ардчиллаа алдчихмааргүй байдаг, нөгөө талаас бас шахагдаад байдаг хэцүү байгаа байх. Тийм учир бид ийм тактиктай ажиллаж байна. Асуудлаа тогоондоо ярья гэвч тогоон дотор маань өөр хүмүүс орж ирээд суучихсан. Оюун-Эрдэнэд ч туслаад, улс орноо “барьцаанаас” гаргахын тулд юу хийж болох вэ гэж бодсон. Би шийдвэр гаргах түвшинд байдаггүй, улстөрч хүн биш шүү дээ. Ингээд барууны хэвлэл мэдээллүүдтэй холбогдож, баахан ярилцлага өглөө, Элчин сайд нарт хандлаа. Тэд чинь тайланг шууд хүлээж авахгүй, шалгаж үзнэ шүү дээ.
Сүүлд сонсоход “Танай улсад хэрэгжиж байгаа хөгжлийн бүх төслүүдийн санхүүжилтийг зогсооно” гэж мэдэгдсэн гэсэн.
Тэгэхээр нь манай засгийн газар сандраад НҮБ-ын ажлын хэсгийнхнийг урьж ажиллуулж, бас бус ажил хийсэн. Бид чинь олон улсын анхааралд байгаа шалтгаан нь нялх ардчилалтай, үүнийгээ хөгжүүлэх бүрэн боломжтой. Хэрэв манайх ардчиллаа “алдчихвал” зүүн азийн орнууд руу халдварлах аюултай.
-Хэдийгээр бид хоёр хөршдөө тусгаар тогтнолоо алдахгүйн тулд хичээх хэрэгтэй ч, барууны улс орнуудад ч бас өөрсдийн гэсэн ашиг сонирхол бий. Өөрөөр хэлбэл, тэнцвэртэй байдлаа хадгалж, аль нэг талд урвахгүй байх нь чухал. Гэтэл та бүхнийг “Барууны хөрөнгө оруулалттай байх, ажил хийдэггүй аятай байнга жагсаж байдаг” гэж харддаг. Энэ дээр юу гэж хэлэх вэ?
-Уучлаарай, баруунаас санхүүждэг байсан бол гудамжинд жагсахгүй. Бүгдийг нь худалдаж авна, дэндүү гоё контентууд хийнэ. Хүний амьдрал юм чинь хоолоо олох уу, гудамжинд зогсох юмаа хэвлэх үү, ажлаа хийх үү гээд асуудал гарна. Би яахав, бусад нь өрөвдмөөр. “Хүүхдүүдээ цэцэрлэгээс авах уу, яах вэ, чи алга болчихлоо” гээд л бөөн юм болно. Бүгд ажилтай, бүгд үр хүүхэдтэй. Аргаа ядсандаа гудамжинд хүний анхаарлыг татах гэж л ингэж байна. Барууны нөлөөнд орох гэлээ гэх юм, барууныхан манай юуг нь сонирхох вэ дээ.
Зах зээл нь жижиг, аваад булаагаад хөгжүүлчихье гэхээр экологийн даац муутай учир хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжгүй, жижиг дунд зах зээл рүү нь оръё гэхээр эрчим хүчний даац нь хүрэхгүй. Америк, Европтой хиллэхгүй, ямар хэрэг байна аа. Хэн ч биднийг тоохгүй ш дээ. Тоодог байсан бол арзайсан олон шар толгойтнууд ажиллаж байна биз дээ.
Гэтэл цаадуул чинь “Нэн хүнд нөхцөлд ажилладаг” гэдэг нэмэгдэл авч хоёр гуравхан жил ажиллачихаад, бушуухан буцаад явчихдаг. Манай нөхөр шиг хувь заяаны эрхээр гацчихсан, “төөрчихсөн” нөхөд л арав, хорин жил амьдарч байгаа.
Хотод тулгараад байгаа өнөөдрийн бэрхшээлүүдийг шийдэх бүтцийг бий
болгочих юм байна гэж өөртөө итгэлтэй байгаа
-Өмнө өгүүлэхдээ “Зорилго, төлөвлөгөөтэй АН-д орсон” гэж ярьсан. Хотын дарга болох зорилго өвөртөлж байгаа юу?
-Өнөөдрийн нөхцөлд буюу хэдхэн улстөрчид нь баяр, амралт далимдуулж хүссэн хуулиа батлуулж, эсвэл өөрчлөөд, олонхоороо эрийтэл гараа өргөчихдөг, бөөн хуйвалдаантай ийм үед УИХ-ын гишүүн болно гэвэл ийм бохир системд би юу ч өөрчлөхгүй. Хууль тогтоох байгууллагат хууль мэддэг хүмүүс нь орвол зүгээр юм. Гүйцэтгэх засаглалд гэхээр би эрүүл мэнд, боловсролын салбарын хүн биш. Харин өнгөрсөн 18 жилийн хугацаанд ажиллаж ирсэн салбар бол хот байгуулалт, энэ чиглэлээрх судалгааны ажлууд. Манайхан хот байгуулалт гэхээр зураг бариад гүйгээд байдаг. Тэр чинь зүгээр дизайн. Газарзүйн тогтоц судалбараа гаргаагүй байж “тэдэн хүний ажлын байр бий болгоно” гээд байж болохгүй. Маш том концессоос бүрддэг зүйл.
Учиргүй бүгдийг нь өөрчилж чадахгүй ч, одоо яригдаад байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэх бүтцийг хийчих юм байна гэж харж байгаа. Үүнийг хэн хийх вэ гэхээр Хотын дарга л хийх юм. Арай том амбицтай сонсогдож магад.
-Гэхдээ Улаанбаатарыг “аврах” боломж байгаа юм уу? Орхиод шинэ хот байгуулсан нь дээргүй юу?
-Улаанбаатар барилгажсан хэсэг нь маш бага. Дэд бүтэц хүрч байгаа хүчин чадлынхаа хэмжээнд л байгаа. Гэтэл гэр хороолол дүүрсэн л болохоос үлдсэн нь нүцгэн газар. Хаа хаашаагаа 500 метр газраа хөгжлөө шийдэж чадаагүй байж эзгүй хээр газар очоод юу шийдэх вэ? Яг адилхан гэр хороолол болгоно. Лондон зэрэг том хотуудад өнөөдрийн Улаанбаатараас ч хүнд үеүд байсан. Гэхдээ тэд хаяж яваагүй. Эдийн засаг хаана үүсдэг вэ гэвэл нягтаршсан сууринд, нягтаршсан суурин хүмүүсийн соёлоос бүрдэнэ. Жишээ нь, зуун айлыг хаа, нүүлгэ гээд байдаг юм. Хэрэв зуун айлыг хаачихвал тэнд хүмүүс амьдарч чадахаа байчихна. Зуун айл өөрөө зах зээлээ үүсгэчихсэн, тэндээ өөрсдийн соёлоо бий болгочихсон. Агуулахуудыг нь хотоос гарга, харин шоурүүмүүдийг нь тэнд нь байгуул, бүр гоёор байгуул.
-АН 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших тойрог амласан уу?
-Үндэсний бодлогын хороонд нь очвол тойрог гэж ярьдаг юм гэнэ лээ. Би тэр үүрээс нь эхэлж явж чадахгүй, тийм хугацаа ч байхгүй.
-Л.Гантөмөр санал тавьсан юм уу, өөрөө шийдсэн үү?
-“Чам шиг хүн хэрэгтэй” гэж бүгдээрээ л хэлээд байсан. Нөхцөл байдал ч бас намайг монголд ирэхэд шал өөр болчихсон байсан. Ядуурал нэмэгдсэн, хүмүүс айдастай болчихсон, бараа бүтээгдэхүүний үнэ нь тэнгэрт хадчихсан байх юм. Хэдхэн жилийн дотор шүү дээ. Тэгээд л тэсэлгүй жагсаж, тэмцэж эхэлсэн. Бид л ер нь энэ нийгмийг бүтээсэн, бид өөрсдөө л өөрчилж чадна. Хийх ёстой ажлаа бид өөрсдөө хийж, ачаагаа өөрсдөө л үүрнэ. Ардчилсан намыг “зодсоноос”, нийлж өргөөд, чирж гулдраад ч болтугай өөрчилж, энэ улаан цаймдаа гарсан бүхнийг бага ч болтугай хязгаарлаж, хэт тэнцвэргүй болсон улстөрд хүчтэй гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай болсныг бид бүгдээрээ ойлгох цаг болсон.
-Өөрчилье гэтэл танай Ардчилсан намын УИХ дах бүлгийн гишүүд “Нэг Монгол” гэх хөдөлгөөн яриад л уналаа. Оюун-Эрдэнэ, Женко хоёр нэг баг гэж өөрөө хэлсэн шиг Гантөмөр Женко хоёр ч бас нэг баг гэдгийг бүгдээрээ л мэднэ. Дахиад л Женкогийнхоо гарт орчих юм биш биз гэх болгоомжлол байна?
-Оюун-Эрдэнэ ч бай, хэн ч бай тоглолт нь нэг явж байна гэж би харж байгаа. Юу тооцоолж байгааг нь бол хэлж мэдэхгүй байна. Гантөмөр дарга болохдоо Женкогийн халаасанд байдаг гишүүдийнх нь саналаар дэмжлэг авсан гэх юм билээ. Нэгэнт дүрмээрээ гараад ирчихсэн болохоор “Ингэж болохгүй” гээд байж болохгүй. Ер нь сонгууль хүртэл 10 сар л үлдлээ. Үүний хоёр сар нь цэвэр сонгуулийн сурталчилгааны сарууд байх болно. Тэгэхээр цаана нь зургаан сар л байна. Үлдсэн саруудаасаа “Хурлаа хийнэ, хийхгүй” гээд алдаад л байгаа юм. Гэтэл одоо дахиад намынхаа даргыг солино, солихгүй гэж ярих үе огт биш, тэгвэл сонгуулиа мартахаас аргагүйд хүрнэ. Одоо тэр элдэв зодоон, нүдээнээ хаяад сонгуульдаа л чиглэхгүй бол болохгүй.
Гантөмөрт бас намын дарга болсон хүний хувьд бас нэг амбиц, зорилго байгаа байлгүй дээ. Тэрийгээ бодоод мань хүнд “Үгүй” гээд хэлтэл Женкогийн нэрийг зориуд холбоод “Өө энэ Ардчилсан нам бүр бүтэхгүй нь” гэдэг мессэжийг өгөөд байж магадгүй.
Үгүй бол, эд бүгдээрээ нэг тал болчихоод, зангилагдсан бүтцээрээ явах гээд байж магад. МАН бол сонгуулиар 40 хувь авдаг, угаасаа. Энэ бүтцээр явахад АН ялахгүй юм байна гэдгээ мэдчихээд, Оюун-Эрдэнэтэй “Манай намд тэдэн хувийг өгчих” гэсэн тохироо хийсэн байж магад. Гэхдээ энэ удаад нийтээрээ буюу сонгуульд санал өгдөггүй нөхөд хүртэл очиж өгөөд, МАН-ыг байхгүй болгочих магадлалтай. Тэгвэл байдал эвгүй болж магад. Эд энэ бүхнийг тооцож л байгаа байх.
-Женкод АН-ынхан талтай байх юм уу?
-Намаараа эсрэг юм байна лээ. Дотор нь ороод мэдсэн юм тэр. “Женког яах вэ” гэдэг л толгойны өвчтэй юм билээ. Энэ удаад МАН дахиж ялвал хэцүү л дээ. Одоо бол гэмт бүлэглэл нь бүр албан байгууллага болчихлоо шдээ. Салахад маш хэцүү болсон. Саармагжуулахгүй л бол энэ угсрагдсан бүтцийг эвдэхэд нэлээд хэцүү.
Хүссэн хүсээгүй бид Ардчилсан намыг хүчирхэгжүүлэх нэн шаардлагатай. Бидний бүгдийнх нь хүчин чармайлт хэрэгтэй. Ардчилсан намыг хийх ёстой ажлаа хийхэд нь түлхэц, дэмжлэг болох үе нь яг одоо.
Түүнээс нэг их улс төр сонирхоод байгаадаа ч орсон юм биш. Хэзээ нэгэн цагт хүүхдүүд маань ам асуухад хариулах хариулттай баймаар байна. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгоод байгаа атлаа дув дуугүй суугаад байгаа хүмүүс хамгийн хорлонтой. Тэгэхээр Ардчилсан намыг энэ удаад яаж ийж байгаад бүгдээрээ л дэмжих хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.