/2023.08.16/: Энэ сарын 13-ны өдөр Архангайд болсон хүчтэй салхи, борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгууранд гэмтэл гарсан талаар бид мэдээлсэн.
Уг гэмтлийг засварлаж цахилгаангүй болсон аймаг, сумдуудын цахилгааныг холбосон байна.
Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 22.40 цагаас 23.10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын Хархорин А, Хархорин Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл тулгуур (ПБ110-8 маркийн 5 ширхэг төмөр бетон) хугарч, 7 аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.
110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, сэргээн засварлах ажлыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06:37 цагаас 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагийн хооронд "ЦДҮС" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цагт амжилттай гүйцэтгэж, хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холболоо.