/2023.08.16/: Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шаардлагатай замуудад засвар үйлчилгээг хийж дуусгахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосны дагуу сүүлийн өдрүүдийн автозам засварын ажил эрчимтэй хийгдэж байна.
Тэгвэл өнөөдрөөс Бөмбөгөр худалдааны төвийн урд замаас найман шарга валют арилжааны төвийн гудамж дуусталх автозамыг хааж засварлахаар болжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 2-р хороо Төмөрчний гудамж /Бөмбөгөр худалдааны төвийн гурван замын уулзвараас Бишрэлт худалдааны төвийн уулзвар/ хүртэлх авто замыг 2023 оны наймдугаар сарын 16-ний өдрийн 22:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 18-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, ус зайлуулах шүүрт худаг шинээр нэмж суурилуулах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.