/2023.08.14/: Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны наймдугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явахын эсрэг 5 нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэх, заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн А, Х, У нарын 16 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1, 2 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 /Олон нийтийн амгалан тайван алдагдуулах/, 11.1 дүгээр зүйлийн 2.4 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 /Хүчиндэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Иргэн О, О, Х нар нь орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 64 иргэнээс 1.063.400.000 төгрөгийг залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн А нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, 2009 оноос Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар томилогдон, ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Эх сурвалж: Прокурор