Л.Энх-Амгалан: Монгол судлал бол Монголын төрөөс онцгойлон анхаарч, ивээлдээ байлгах ёстой салбар юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Монгол судлал бол Монголын төрөөс онцгойлон анхаарч, ивээлдээ байлгах ёстой салбар юм

/2023.08.10/: Олон Улсын Монголч эрдэмтний 12 дугаар их хуралд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга Л.Энх-Амгалангийн хэлсэн үг

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ!

Хүндэт хатагтай, ноёд оо!

Дэлхийн монгол судлаачдын их хуралдай - Олон улсын монголч эрдэмтний 12-р их хурлын эрхэм төлөөлөгч, эрдэмтэн судлаач, хүндэт зочин Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

5 жил тутам зохион байгуулагддаг Олон улсын монголч эрдэмтний их хурал нь дэлхийн монгол судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг эрдэмтэн мэргэддээ тайлагнаж, номын садан нөхөдтэйгөө учран золгодог их хуралдай билээ.

Одоогоос 60 гаруй жилийн тэртээ 1959 онд Монгол хэл, бичгийн эрдэмтний хурлаас эхэлж байсан тус их хурал эдүгээ улам өргөжин дэлгэрч, хүрээгээ тэлсээр байгааг энэ удаагийн хурал нийтдээ 6 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж байгаагаас Та бүхэн бэлхнээ харж байна. Монгол Улс бол монгол туургатны гал голомтыг сахин суугаа, бахархам түүх, баялаг өв, соёлтой улс. Тийм ч учраас өнөөгийн даяаршлын эрин үед Монгол Улс нийт монгол туургатан төдийгүй, хүн төрөлхтний өмнө өөрийн түүх, хэл, соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн юм.

Монгол Улсыг, монголчуудыг судлагдахуунаа болгосон Монгол судлал нь Монгол Улс, монгол үндэстний оршихуйтай шууд холбоотой амин чухал салбар ухаан учраас Монголын төрийн анхаарлын төвд байх учиртай. Тиймээс нэгэнт уламжлал болон тогтсон монголч эрдэмтний их хурлыг амжилттай зохион байгуулахад Монголын төр засаг онцгой анхаарч, хурлыг зохион байгуулахад шаардлагатай санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлсээр ирсэн юм.

Зөвхөн их хурал ч бус, Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Монголын төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирлээ. “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-үүдийг баталж, “Монгол судлалыг дэмжих сан”, Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулж, Монгол судлалыг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Дээрх хүчин чармайлтын үр дүнд Монгол судлалын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай болж, тус салбар өргөжин хөгжих суурь тавигдсан билээ.

Орон орны монгол судлаач Та бүхэн бол Монгол Улс, нийт монголчуудыг шинжлэх ухаанчаар судлан шинжилж, Монголын талаарх үнэн бодтой мэдлэг, мэдээллийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, сурталчлан алдаршуулдаг чухал үүрэгтэй хүмүүс билээ. Монголын төрөөс зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус, гадаад дахь Монгол судлалын байгууллага, эрдэмтдийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих бодлого баримтлах болсноор гадаад дахь Монгол судлалын байгууллагууд улам идэвхжиж, зарим улс оронд монгол судлалын салбар, төвийг нээх, урьд байсан байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжих зэргээр эерэг үр дүн гарсан билээ.

Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд Монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв Монгол судлалын чиглэлээр нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна.

Сүүлийн хоёр жил Монгол судлалын дотоод гадаадын үйл ажиллагаа идэвхжин 2022 онд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээ, энэ жил Монгол судлалын их хурлыг зохион байгуулж байна. Түүнчлэн, цаашид гадаадын монгол судлалын төвийг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөхиүлэн урамшуулах бодлогыг Монгол улсын засгийн газар, Боловсрол шинжлэх ухааны яамнаас дэмжин ажиллах болно.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050"-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх 2 дахь 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогыг тодорхойлох, олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилго бүхий Үндэсний шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлснээр байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын шинжлэх ухааны нэг гол чиглэл бол Монгол судлал бөгөөд шилдэг сайн судлаач эрдэмтэнгүйгээр энэ салбар хөгжих боломжгүй юм. Монгол судлал бол зах зээлийн өрсөлдөөний зарчимд найдаад орхих салбар бус, Монголын төрөөс онцгойлон анхаарч, ивээлдээ байлгах ёстой салбар юм.

Монгол Улс ардчиллын замаар замнаснаас хойших 30 гаруй жилийн хугацаанд Монгол судлалын бүхий л салбар чиглэлд томоохон ахиц дэвшил гарлаа. Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид монгол судлалын чиглэлээр олон бүтээл туурвин нийтлүүлж байна. Зөвхөн түүхийн салбарыг жишээ болгон дурдахад л, дэлхийн олон орны архив, номын сангуудад хадгалагдаж буй баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг судалж, нийтлүүлэх ажил идэвхтэй өрнөж, Монголын түүхэнд холбогдох археологийн дурсгалыг нээн илрүүлж, эрдэм шинжилгээний шинэ бүтээлүүдийг нийтлүүлсээр байна. Дээрх бүх ололт амжилтад тулгуурлан Монгол Улсын түүхийг олон ботиор шинээр туурвих ажлыг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

Түүнээс гадна, дэлхий дахин, бүс нутгийн түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулан судлах ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж, тодорхой ахиц дэвшил гараад байна. 2022 оны 7 дугаар сард ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр миний бие “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” олон боть бүтээлийг олон орны эрдэмтэн түүхчид хамтран туурвих талаар санал бодлоо солилцсон бөгөөд энэ талаар мөн Францын Парис хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд тус хөтөлбөрийн үзэл баримтлалыг танилцуулсан энэ бүх хүчин чармайлтаар ЮНЕСКО-оос тус төсөл, хөтөлбөрийн талаар нааштай хариу ирүүлснийг та бүхэнд сонордуулахад таатай байна.

Цаашид Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улсууд буюу Их хааны улс, Алтан орд улс, Цагаадайн улс, Ил хант улсын түүхэнд холбогдох баримт хэрэглэгдэхүүн, эх сурвалжийг цаашид илрүүлэн олж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, шаардлагатай тохиолдолд тухайн улсын нутаг дэвсгэрт археологийн малтлага судалгаа явуулах ажлыг дэмжих болно.

Гадаад улсын түүхийн сурах бичиг дэх Монголын түүх, соёлын талаарх өрөөсгөл үзэл ойлголт, алдаж ташаарсан хэсгийг засаж залруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буй агаад энэ үйл хэрэгт идэвх зүтгэл гарган хамтран ажиллахыг гадаадын түүхч эрдэмтэн та бүхэнд хандан уриалж байна.

Бид Монгол судлал дахь сайн зүйлийг дуурьсган алдаршуулахын зэрэгцээ саар зүйлийг, саад бэрхшээлийг бас олж харж, алс ирээдүйгээ төлөвлөх учиртай. Өнөөдөр хүн төрөлхтөн нэлээд ээдрээ төвөгтэй орчин нөхцөлд аж төрж байна. Дэлхий даяар өрнөж буй улс төрийн сөргөлдөөн, соёл иргэншлийн өрсөлдөөнт байдал зэрэг нь Монгол Улсын гадаад орчин, түүнчлэн Монгол судлалд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсээр ирлээ. Энэ бүхэн цаашид монгол хэл, соёлыг тээж авч явах эрхэм бөгөөд хүндхэн үүрэг Монгол Улсад голлон оногдож байгааг улам бүр мэдрүүлж байна. Энэхүү үүргийн хүрээнд, Монгол Улс 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихээр төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нэг насны амьдралаа зориулсан алдар цуут олон эрдэмтнийг залгамжилж, өнөөгийн Монгол судлалыг нуруундаа үүрч яваа эрхэм хүндтэй хүмүүс бол ахмад, дунд үеийн эрдэмтэн судлаач та бүхэн. Харин энэхүү залгамж холбоог баттай үргэлжлүүлж, хойч ирээдүйд монгол судлалыг буухиалан авч явах хүмүүс бол залуу судлаачид гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Ахмад, дунд үеийн эрдэмтэд залуу халаагаа бэлтгэхэд улам их анхаарч, эрдмийн их авьяастай, хичээл зүтгэлтэй залуусыг эрдэмд хөтөлж, тэдний судалгааны ажлыг дэмжих үүрэгтэй билээ. Монголч эрдэмтний их хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургуулийг зохион байгуулж, тус сургуульд гадаадын 30 шахам залуу судлаач оролцож байгаа явдал бол дэлхийн Монгол судлалын ирээдүй гэрэлтэй, залгамж халаа нь бэлтгэгдэж байгааг тод харуулж байна.

Цаашид ч Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүждэг залуу монгол судлаачдад зориулсан сургалт, ахисан төвшний сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг буй болгож, олон улс дамнасан залуу судлаачдын сүлжээ (network), хамтын нийгэмлэг (community)-ийг бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна.Монголч эрдэмтдийг гадагш алдах урсгал буюу brain drain-ыг сааруулж, brain gain болгон хувиргах, гадаадад буй эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг буй болгох болно.

Энэ удаагийн Олон улсын монголч эрдэмтний их хурал эрдэмтэн мэргэд эрдэм судлалын үр дүнгээ түмэн олонд толилуулж, санал бодлоо солилцох, олон орны эрдэмтэн судлаачид ойртон нөхөрлөх сайхан завшааныг буй болгож, оюуны их цэнгэлийг эдлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Их хуралд хуран цугласан эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн мэргэд Та бүхний оюун хурц, мэлмий тунгалаг, өлмий бат оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Эх сурвалж: БШУЯ

Герман Украинд агаарын довтолгооноос хамгаалах хоёр Патриот систем өглөө
Герман Украинд агаарын довтолгооноос хамгаалах хоёр Патриот систем өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.