/2023.08.08/: Apple-ийн үйлдвэрлэдэг Iphone гар утасны дараагийн үе болох iPhone 15-ыг есдүгээр сарын 22-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байна гэж Bloomberg даваа гарагт мэдээлэв.
Тус компани iPhone-ийн шинэ загвараа танилцуулах үед дуулиан шуугианаар дүүрэн үйл явдлуудыг онлайнаар сая сая үзэгчид нэгэн зэрэг үздэг.
Борлуулалтын өдрөөс долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 12 эсвэл 13-нд Apple-ийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээ болох аж.
Компанийн санхүүгийн гуравдугаар улирлын орлогод iPhone-ийн борлуулалт хоёр хувиар буурч, 39.67 тэрбум ам.доллар болсон байна.
Гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт CNBC-ийн Стив Ковачтай ярилцахдаа "АНУ-д ухаалаг гар утасны салбар яг одоо хүнд нөхцөлд байна" гэжээ.
Одоогийн байгаа iPhone 14-ийг үйлдвэрлэх явцад Хятад дахь Foxconn үйлдвэрүүдэд Ковидтой холбоотой асуудлууд гарсны улмаас тус загварын нийлүүлэлт багасч борлуулалтад хүндээр туссан юм. Apple компани Зүүн өмнөд Ази даяар нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхээр ажиллаж байна.