/2023.07.26/: ”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн Булган, Цэнхэр, Хотонт сумын ойн сан бүхий 20,000 га газарт ойн хөнөөлт шавжтай агаараас авиамикробиологийн аргаар тэмцлийн ажил гүйцэтгэж байгаатай Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүс танилцлаа.
Уг ажлыг Ойн газар, “Хатант форест” ХХК, “Томас эйр” ХХК болон Архангай аймгийн БОАЖГ хамтран гүйцэтгэж, сумын байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллаж байна.
Агаарын тэмцлийн ажлыг цаг агаарын нөхцлөөс шалтгаалж өдөрт 8-9 удаагийн нислэг үйлддэг ба нэг нислэгт 1 тонн бодисыг 350 га талбайд цацдаг байна.
Ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил энэ оны 4 дүгээр сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 12 аймгийн ойн сан бүхий газар, Богдхан уулын Улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойн санд нийтдээ 120,000 гаруй га талбайд хийж, үр дүнгээ өгч байна.
Эх сурвалж: БОАЖЯ