/2023.06.30/: Наадамчдын аюулгүй байдлыг хангах, автомашины зогсоолын зохион байгуулах талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэв журмын салбар хорооноос мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга Т.Лхагвадорж:
-Баяр наадмын өдрүүдэд болох хурдан морины уралдаан, шагайн харваа, урлаг соёлын тоглолт зэрэг томоохон арга хэмжээнүүдийн үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, тодорхой ажлуудыг төлөвлөсөн. Бэлтгэл ажил 90 хувьтай байна. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид, оюутан цагдаа болон олон нийтийн цагдаа нар хэв журам сахиулан ажиллана. Иймд алба хаагчдын зүгээс тавьж буй хүсэлт, шаардлага болон бусад мэдээ мэдээллийг хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг иргэд, олон нийтээс хүсэж байна хэмээв.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд:
-Наадмын үеэр нийт 6470 тээврийн хэрэгслийг зогсоолын талбайд байрлуулахаар төлөвлөж байна. Автомашины Ү болон Г зөвшөөрлийн байршилд тодорхой өөрчлөлт орсон. Иргэд Нарантуул ОУХТ, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо, Улаанбаатар төмөр зам зэрэг байршлууд дахь зогсоолд машинаа байрлуулаад нийтийн тээврээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү зорчих боломжтой.
Өнгөрсөн жилүүдэд нийтийн тээвэр үргэлжилсэн маршрутаар үйлчилж байсан бол энэ жилийн хувьд иргэдийн хүлээгдлийг багасгах зорилгоор маршрутыг хуваасан. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирж буй иргэдэд дөрвөн байршлаас богино эргэлтийн автобус үйлчилнэ. Харин Хүй долоон худгийн чиглэлд МУБИС, Төв цэнгэлдэх хүрээлэн гэсэн хоёр цэгээс тодорхой цагуудад автобус явна.
Иргэд зорчих хэсгийн эгнээний дагуу, зохицуулагчийн дохисон зохицуулалтаар хөдөлгөөнд оролцож, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган, суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан зорчиж аюулгүй байдлаа хангахыг хүсье гэсэн юм.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр Соёолон насны морьд барианд орохоос нэг цагийн өмнө хотын төвөөс Хүй долоон худаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулдаг. Энэ жил ч мөн уг зохицуулалтыг хийх юм.
Эх сурвалж: НЗДТГ