/2023.06.29/: Сангийн сайд Б.Жавхлан айлчлалаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Боомтын асуудлууд сүүлийн 20-иод жил бидний нилээдгүй потенциалыг гадаад худалдааг өргөжүүлэх боломжуудыг хязгаарласан байдалтай байсан. Тэр дундаа манай талаас шалтгаалсан нилээд зүйл байсныг энэ удаагийн айлчлалаар сөхөж гацаанаас гаргах талаар нилээд ахицтай айлчлал боллоо. Энэ удаагийн айлчлалын гол онцлог гэвэл зөвхөн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбооноос гадна төр-хувийн хэвшил болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг сэргээсэн айлчлал болж байна.
Цаг хугацааны хувьд бол цар тахал болон дэлхийн геополитикт үүсч байгаа асуудлууд гээд дараагийн 30-50 жилийн цоо шинэ дэлхийн хөгжлийн чиг хандлагыг эхлүүлж байгаа гараанд дээр болж байгаагаараа онцлог юм. Бид хагас зуун жилд хамтдаа хөгжих, дэлхийн эдийн засгийн төвлөрөл болон нийгмийн хөгжлийн чиг хандлага Ази руу чиглэж байгаа энэ цаг үед болж байгаагаараа ач холбогдол өндөр болж байна.
Монголын Төв банк болон БНХАУ-ын Төв банк хооронд байгуулагдаж байсан үндэсний валютуудын хоорондын солилцох своп хэлэлцээр энэ оны 7-р сарын 23-ны өдөр гэрээ нь дуусч байгаа юм. Энэ бол зээл гэхээсээ илүү улс хоорондын худалдааны санхүүжилтийн хэрэгсэл байгаа юм. Өнгөрсөн хугацаанд цар тахлаас авхуулаад хүнд үеүүд болсон тул дараагийн удаа хэмээн хойшлуулж боломжтой үедээ харилцан төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээг 3 жилийн хугацаатайгаар сунгалаа" гэв.