/2023.06.28/ Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд “Мал, амьтны эрүүл мэндийн төв” байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Ийнхүү Мал, амьтны эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлж буй нь суралцагчдад сурч мэдсэн зүйлээ бодитоор туршиж дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх, мал, амьтны халдварт болон халдваргүй өвчнийг орчин үеийн дэвшилтэт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх өргөн боломж бүрдэж буй юм.
“Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд энэхүү эмнэлгийг байгуулсан. Уг төслийг Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн Яам болон Хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Хөдөөгийн Хөгжлийн Корпорац болон Хүнс хөдөө аж ахуйн яам хоорондын гэрээгээр 2019 оноос 2023 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр талууд гарын үсэг зурсан.
Эх сурвалж: ХХААХҮЯ