/2023.06.28/ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Засгийн газрын авлигатай тэмцэх “Шүгэл” ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоогоор ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл Дэлхийн банкнаас “Хөгжлийн төлөө авлигатай тэмцэх: Итгэлцлийг сэргээх нь” сэдвээр 2023 оны зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулсан авлигатай тэмцэх олон улсын хуралд оролцлоо.
Олон улсын байгууллага, хөгжлийн түншлэгч байгууллагууд, засгийн газар, төрийн байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон тус хуралд оролцогчид авлига нь иргэдийн ардчилсан институт, төрийн байгууллагуудад итгэх итгэлийг бөхөөж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг боомилж буй хүчин зүйл болж байгааг тэмдэглэж итгэлцлийг сэргээх, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй болгоход оролцогч талуудын олон талт хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Хурлын үеэр Дэд сайд Б.Солонгоо “Төрийн үйлчилгээг хүргэхэд авлигатай тэмцэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцож Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаа болон эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Эх сурвалж: ХЗДХЯ