Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулахад зориулан 1993, 1995 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байдаг. Тус зээлийн хөрөнгийг төмөр замын зам засварын тоног төхөөрөмж, тухайлбал зам төмрийн ивүүр, зам төмөр тайрах, нүхлэх машин сэлбэгийн хамт түүнчлэн хос дугуй, 457 ш хагас вагон болон битүү вагон, чингэлэг тээвэрлэгч тусгай вагон, бензин ба усны цистерн, 30ш суудлын вагоныг сэлбэгийн хамт, ДАШ-7 серийн 2 зүтгүүр сэлбэгийн хамт, Зүтгүүрийн депогийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд, дохиолол холбооны систем, компьютерийн тоног төхөөрөмж, сервер, 1400 км шилэн кабель зэргийг худалдан авах, суурилуулахад зарцуулсан байна. Харин Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны 94 дүгээр тогтоолоор зээлийн нийт үлдэгдлийг 131 тэрбум төгрөгөөр тооцож, Үүнээс: 83.7 тэрбум төгрөгөөр нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд зээлээс үлдэх 47.3 тэрбум төгрөгийг 2021-2025 онуудад улсын төсөвт эргэн төлөх нөхцөлөөр гэрээ байгуулахаар тус тус заасан. Тус зээлийн үлдэгдлийн асуудлыг шийдвэрлэж, дүрмийн санг нэмэгдүүлэх талаар Оросын талтай удаа дараа хийсэн уулзалт хэлэлцээрийн үр дүнд 2009 оноос хойш гацаад байсан уг ажил шийдэгдэж УИХ-ын дарга Г.Зандашатарын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр буюу 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-ын тээврийн сайд В.Г.Савельев нар холбогдох протоколд гарын үсэг зурж эцэслэсэн байна. 1949 оны “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг үүсгэн байгуулах” тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколд хоёр тал гарын үсэг зурсанаар: 1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сан 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. 2. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь хугацаа хэтэрсэн өргүй болж, санхүүгийн чадавх сайжрах боломж бүрдэв. Ингэснээр тус байгууллагын хувьд цаашид хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, замын засвар, шинэ хөрөнгө оруулалтын асуудлыг бие даан шийдвэрлэх эдийн засгийн чадамжтай болж, зээлжих зэрэглэл нь нэмэгдэх юм. 3. Оросын талаас дүрмийн санд 5 ширхэг зүтгүүр нийлүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд “УБТЗ” ХНН-ийн татах, тээх хүчин чадал 2 сая орчим тонноор нэмэгдэнэ. Түүнчлэн төмөр замаар тээвэрлэх ачааг хязгаарлаж байсан нэг гол хүчин зүйл болох зүтгүүрийн дутагдал арилж, экспортын болон транзит ачааны тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. 4. Ийнхүү Орос-Монгол хоёр улсын хооронд олон жилийн турш тодорхой шийдэлд хүрэхгүй сунжирч байсан томоохон асуудал бүрэн шийдвэрлэгдэж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, төмөр замын том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодит боломж бий боллоо.
АЙЛЧЛАЛ: УБТЗ ХНН олон жил ужгирсан өрнөөсөө салж дүрмийн сангаа нэмэгдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.