/2023.06.20/: Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 8-ны өдөр болж цагдаагийн албан хаагч шалгагдаж байсан сэтгүүлчийг зодсон, шударга ёсны талд зогсох шүүгчдийн тоо 100 давсан гэх агуулга бүхий сэтгүүл зүйн бүтээлүүдэд хаягласан хоёр гомдлыг хэлэлцлээ.
Цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн биед халдсан гэх гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулав
Нэгэн цагдаагийн алба хаагчаас Neguun.mn сайт худал мэдээлэл түгээж, нэр хүндэд халдсан гэх гомдлыг ирүүлсэн.
Тодруулбал, Neguun.mn сайт дөрөвдүгээр сарын 18-нд түгээсэн “Худал мэдээлэл тараасан цагдаагийн байгууллагад ямар хариуцлага тооцох вэ!?” гэх гарчигтай шууд дамжуулалтаараа тус сайтын сэтгүүлч н.Анхбаярыг цагдаагийн байгууллага саатуулан, шалгаж байгаа бөгөөд түүнийг цагдаагийн мөрдөгч байцаалтын үеэр зодсон, зодсоноос нь болж сэтгүүлч эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл хийжээ. Харин нэр нь дурдагдаж буй цагдаагийн алба хаагч редакцыг хэт нэг талыг барьсан, худал мэдээлэл түгээсэн, мэдээллийн эх сурвалжаа нягтлаагүй, хийгээгүй зүйлийн төлөө буруутгаж байна хэмээн үзсэн юм.
Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд гомдол гаргагч буруугүй гэдгээ нотолсон баримт ирүүлээгүй, мөн уг асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж буй тул эцэслэн шийдэгдэх хүртэл гомдол хаяглагдсан бүтээлд дүгнэлт гаргахыг түр хойшлуулав. Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн бүтээл нь мэргэжлийн стандартаа мөрдөж ажилласан эсэхэд хараат бусаар дүгнэлт гаргадаг бөгөөд аливаа нэмэлт нотлох баримтыг цуглуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй тул уг хэргийг хэлэлцэхийг хойшлуулсан юм.
Шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан гэсэн гомдлыг хэлэлцлээ
Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс анх удаа Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүллээ. Гомдолдоо редакцыг эх сурвалжгүй, баримтгүй мэдээллээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэсэн, шүүгчдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан ноцтой агуулгыг олон нийтэд түгээсэн хэмээн буруутгалаа.
Өдөр тутмын Өдрийн сонин болон түүний эрхлэн гаргадаг dnn.mn сайтад гуравдугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн “Шударга ёсны талд зогсоно гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ” гэх гарчигтай бүтээлийг ёс зүйн зарчим зөрчсөн хэмээн ШЕЗ-өөс үзжээ. Тус нийтлэлийн “...Харин 2023 он гарсны дараахан нэр бүхий 30 гаруй шүүгч Ерөнхий сайд, Засгийн газар тэргүүтэй нөхдийн хийж буй ‘шударга ёсны төлөөх тэмцэл’-ийг дэмжиж, ‘Шударга ёсны талд зогсоно’ гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ингэж байр сууриа илэрхийлсэн шүүгчдийн тоо 100 давжээ. Монгол Улсад 600 гаруй шүүгч бий. Тэдний 20 орчим хувь нь ийн мэдэгдсэн болж таарч байна. Уг нь шударга ёсны талд зогсох нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Гэвч явж ирсэн тогтолцоо, томилгоо, бусад хүчин зүйлийн улмаас тухайн шүүгчийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хуулийг өөрчилсөн ч ийм хүчин зүйлүүд байсаар байгаа ажээ…” гэсэн агуулгыг баримт нотолгоогүй, үзэл бодлоор бичсэн бөгөөд шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэсэн хэмээн үзсэн юм.
Хороо уг гомдлыг хэлэлцэхдээ редакц шударга ёсны талд зогсоно гэсэн шүүгчдийн тоо 100 давсан гэж мэдээлсэн ч үүнийгээ ямар нэг баримтаар баталгаажуулаагүй, нэг ч эх сурвалж дурдаагүй, таамаг байж болзошгүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа ч таамаг гэдгийг илэрхийлэх агуулга байхгүй, баттай мэдээлэл мэтээр мэдээлсэн, тайлбар өгөхөөр холбогдоход нь боломж олгоогүй тул 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.
Харин гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан үг, өгүүлбэрт агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг мушгин гуйвуулах агуулга байхгүй, нөлөөллийн агуулга байхгүй бөгөөд мэдээ биш тул үзэл бодол орох боломжтой, уг мэдээллийн ташаа гэдгийг хэн ч, ямар ч байдлаар тогтоогоогүй тул 1.3, 1.5, 1.9 дэх заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэв.
Хавсралт
Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:
1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн заалтын “мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулна” гэснийг,
1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг,
1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг,
1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэснийг,
1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг,
1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг,
1.9 - “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна”