/2023.06.14/ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал, Гадаад харилцаа хариуцсан Ерөнхий зөвлөх Г.Түвшинзаяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны ажлын талаар харилцан мэдээлэл солилцжээ.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах тодорхой ажил дээр анхаарлаа хандуулж идэвхжүүлэхээр ярилцсан аж.
Засгийн газар болон Рио Тинто групп санамж бичигт 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан байдаг. Үүнд "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах дэд бүтцийн төслийн судалгааны менежментэд дэмжлэг үзүүлэх гэж заасан байдаг.
Түгжрэлийг бууруулахад суурь судалгааны ажлууд чухал юм. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд УБ хотын төв хэсэгт томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бол нийслэлчүүдийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудалд ийнхүү хувь нэмрээ оруулахаар ажлын уулзалтуудаа хийж эхэллээ.