/2023.06.13/: Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл 2023 оны зургаадугаар сарын 15-аас ажиллаж эхэлнэ.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/596 дугаар захирамжаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Багануур дүүргийн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл,Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.
Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 13 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: НОБГ