/2023.5.31/ Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг бичигдээгүй хуультай. Харин энэ улс төрийн соёлыг эвдсэн атлаа өнөөдрийг хүртэл сайдаар ажилласаар байгаа эрхэм бол Ц. Даваасүрэн.
Засгийн газрын тэргүүнтэй хамтдаа тэмцэж нэг фракц болж явсан тэрээр Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж буй. Харин өдгөө хамгийн том шинэчлэл гэж харж байгаа ҮХНӨ-ийг ил цагаан дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр байна. Түүнийг аливаа зүйлийг эсэргүүцэх бүртээ ажил бүтээдэг гэж улс төрд нэрлээд удаж буй. Харин энэ удаа тэр юу сэдсэн бол гэдэг нь түүний улс төрийн нүүдлээс тун удахгүй харагдана.
Харин дараагийнх нь Х.Болорчулуун. Тэрээр одоогийн Ерөнхий сайдтай нэг фракц явсан. Хүнс хөдөө аж ахуйн сайдын суудлыг хэн ч хэлэх эрх ашгийн зөрчилтэй ч энэ нөлөөгөөрөө олж авсан.
Тэрбээр цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэртэй зэрэгцүүлэн хэд хэдэн бүтээгдэхүүний импортын татвар нэмэх гэж байгаа талаар нэгэн “хурган даргаараа” яриулжээ.
Хүүхдийн мөнгийг хүртэл ахиж олгоод ард иргэддээ таалагдах гэж байтал энэ мэдээлэл зэрэгцсэнээр Засгийн газрыг асуудалд оруулав. Засгийн газар ч биш бүр УИХ-ын шийдэх ёстой татвар нэмэх бүрэн эрхэд халдав. Засгийн газар татвар нэмэх гэж байгаа нь тодорхой, харин үүнийг ил гаргаж Ерөнхий сайддаа “бэлэг” барилаа.
Эдгээр сюрпризүүдийн ард ямар тохиролцоо явагдаж, танхимынхаа эсэргүү найз нартай Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюу-Эрдэнэ хэрхэн хэл амаа ололцож байгаа нь сонирхолтой.
Тойрогтоо ахин дэвших эрхээ баталгаажуулах, намын жагсаалтад орох бол хамгийн хардаж болох тохирооны сэдэв юм.