/2023.05.31/: ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо нь аймаг, 9 дүүргийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД БЭЛГИЙН ЦОГЦ БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЧАДАВХ ОЛГОХ СУРГАЛТЫГ зохион байгуулжээ.
Сургалтыг 2023 оны тавдугаар сарын 20-22 ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтын оролцогч нарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн цогц боловсрол олгох гарын авлага, багц нөөц хэрэглэгдэхүүнийг гардууллаа.
Хүний эрүүл мэндийн тухай ойлголтыг дан ганц эмнэлэгт тусламж, үйлчилгээ авах гэдэг өрөөсгөл ойлголтоор ханддаг цаг нэгэнт ард хоцорлоо. Ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог өргөжүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, хүн амыг өвчнөөс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд эрүүл мэндийн салбарын үүрэг, оролцоо хамгаас чухал юм.
Бэлгийн цогц боловсрол нь хүний хөгжил, амьдралын чанарыг илэрхийлдэг чухал ойлголт төдийгүй нандин, эмзэг асуудал.
Иймд Эрүүл Мэндийн Яамнаас дээрх асуудалд анхаарал хандуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн цогц боловсролыг хүртээмжтэй хүргэх чадавх олгох” сургалтыг зохион байгуулахад Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоонд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
2022 оны ҮСХ-ны мэдээгээр манай оронд 115,115 мянган ХБХ байгаагийн 30 гаруй хувь нь нөхөн үржихүйн насны буюу 15-44 насныхан эзэлж байна. Эдгээр хүмүүс бэлгийн цогц боловсролыг өөрийн бэрхшээлийн онцлогт тохирсон хүртээмжтэй хэлбэрээр авч чаддаггүй тул нийгэм, гэр бүл дотроо эрх мэдэлгүй, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөмхий, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, хандлага, дадалгүй, нийгмийн хөгжлөөс тусгаарлагдан, идэвхгүй амьдарч байна.