/2023.05.26/: Авлигатай тэмцэх газар, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимтэй хамтран “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” (Global media and Mass communication) сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр МУИС-ийн төв номын санд зохион байгууллаа.
Олон улсын хуралд Монгол, Америк, Их Британи, Герман, Италт, Дани, Унгар, Хятад, Орос, Энэтхэг, Антигуа ба Барбуда зэрэг 11 улсын их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцож, даяаршлын үеийн сэтгүүл зүйн сорилт, хуурамч мэдээллээс зайлсхийх шалтгаан, асуудлын биш шийдлийн сэтгүүл зүйд шилжих нь, өнөөгийн хэвлэл мэдээллийн орчин, сэтгүүлчийн үйл ажиллагаан дахь технологийн онцлог, цахим сэтгүүл зүйн хөгжил, нийгмийн сүлжээний нөлөө зэрэг олон сонирхолтой сэдвээр нийт 15 илтгэл хэлэлцүүлэв.
Хэвлэл мэдээллийн салбарын сүүлийн үеийн чиг хандлагатай танилцах, олон улс орны эрдэмтдийн хамтын ажиллагааны сүлжээ үүсгэх, арга туршлага солилцох зорилготой уг хурлыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь зохион байгуулалтаараа ч, оролцож буй бүтээлүүдийн чанар чансаагаар ч олон улсын түвшинд хүрч чадсан өндөр хэмжээний хурал болсныг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн эрхлэгч Б.Наранбаатар онцлон тэмдэглэв.
Дээрх олон улсын бага хурлыг угтан Авлигатай тэмцэх газраас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах, хамтран ажиллах чиглэлээр “Шийдлийн сэтгүүл зүй” хэмээх шинэ чиг хандлагыг танилцуулах “Асуудал шийдэл рүү” сургалтыг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимтэй хамтран зохион байгуулсан юм. “Solution journalism” буюу шийдлийн сэтгүүл зүй нь хүн бус асуудалд чиглэж, учир шалтгааныг тодруулан шийдэх гарц гаргалгааг бодит жишээ баримтаар үлгэрлэж харуулдаг бөгөөд уламжлалт ойлголтоор “Хоточ нохой”-н үүрэгтэй сэтгүүл зүйг орчин цагт “Хөтөч нохой”-н үүрэг гүйцэтгэх болсон шийдлийн сэтгүүл зүйн тал бүрийн аргыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэдийнэ нэвтрүүлээд байна.
Авлигатай тэмцэх газар нийгмийн хариуцлагын үүднээс сэтгүүл зүйн мэргэжлийн шинэ чиг хандлагыг танилцуулах, арга туршлагыг нь нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Асуудлаас шийдэл” рүү практик сургалтыг Шийдлийн сэтгүүл зүйн олон улсын байгууллагын сургагч багш Жей Марлон Карр удирдан явууллаа.
“Шийдлийн сэтгүүл зүйн арга зарчмын хүрээнд гарц гаргалгааг эрэлхийлдэг олон асуудлын нэг нь авлига. Нэгэнт болоод өнгөрсний дараа шуугих биш, харин урьдчилан сэргийлэх нь авлигыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга байдаг. Сэтгүүлчдийн үүрэг оролцоо үүнд нэн чухал” хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн сургалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Цаашид Авлигатай тэмцэх газар нь шийдлийн сэтгүүл зүйг Монголд нутагшуулах чиглэлээр сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллана.
Эх сурвалж: АТГ