/2023.05.08/: Энэтхэгийн Манипур мужид гарсан угсаатан хоорондын мөргөлдөөний улмаас 50 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн эмнэлэгт хүргэгдэж, 23,000 хүн дүрвэсэн гэж Энэтхэгийн арми мэдэгдэв.
Энэ долоо хоногийн эхээр Куки болон Мэйтей угсаатны гишүүдийн хооронд мөргөлдөөн гарснаас хойш дор хаяж 55 хүн нас барж, 260 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Импхал хотын эмнэлгийн ажилтнууд ням гарагт мэдэгдэв.
Үүний зэрэгцээ Энэтхэгийн арми хэлэхдээ, 23 мянган энгийн иргэн дайн тулаанаас дүрвэсэн бөгөөд дүрвэсэн хүмүүс муж дахь цэргийн бааз, гарнизонуудад байрлаж байгаа аж.
Энэтхэгийн зүүн болон бусад хэсэгт орших Импхал хотын гудамжинд хоёр угсаатны мөргөлдөөн гарч байна.
Манипур дахь Чурачандпур дүүргийн эмнэлгийн доктор Манг Хатзов CNN-д хэлэхдээ "Ихэнх өвчтөнүүд суманд хүнд шархадсан эсвэл толгой руу нь саваагаар цохиулсан байдалтай ирж байна" гэв.
Орон нутгийн телевизээр цацагдсан видео, гэрэл зургуудад машин, байшин барилга шатаж, гудамжнуудаас өтгөн хар утаа гарч байгааг харуулсаар байна.
Мөргөлдөөнийг зогсоохоор армийн цэргүүдийг гудамжинд гаргасан бөгөөд гар утасны интернетийг тав хоногийн турш тасалсан байна.
Үйл явдлын нэгэн гэрч "Энд болж байгаа зүйл бол системтэй, сайтар төлөвлөсөн цуврал халдлага болж байна. Тэд овгийн удирдагчдын гэр орныг сайтар мэдэж байгаа болхоор шууд очиж цаазаар авч байна" гэжээ.
Гэрчийн хэлснээр хүүгээ дагуулан явсан нэгэн ээж босогчидтой таарсны дараа хүүгээ хамгаалах гэж байгаад хоёулаа алагдсан гэх мэтээр аллага маш ихээр гарч байгаа аж.
Мужийн амбан захирагч мөргөлдөөнийг зогсоох зорилгоор армийнханд газар дээр нь буудах зөвшөөрөл олгосон, армийн цэргүүд 24 цагийн турш мөргөлдөөний байршилд ажилласан зэргээс шалтгаалж одоогийн байдлаар мөргөлдөөн намжаад байна.
Эх сурвалж: CNN